Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл доор зохион байгуулагдсан “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт өчигдөр боллоо. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсад эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн эрхийг хангах, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх боломж өргөжих юм. Түүнчлэн шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийллээ. Хөтөлбөрийг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэхдээ, Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг болж байгааг дурдаад хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд УИХ бодлогоор дэмжих, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, бүхий л санал санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Олон улсын санхүүгийн корпорацийн судалгаагаар Монгол Улс дахь эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийн зөрүү нийт 1.2 тэрбум ам долларт хүрч, энэ нь жендерийн тэгш бус байдлыг улам нэмэгдүүлж байна гэсэн дүгнэлт гаргажээ. Тухайлбал эмэгтэй удирдлагатай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид дунджаар 66.4 сая төгрөгийн зээл авч чадаж байгаа нь эрэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжээс 45.6 хувиар бага байгаагаас гадна олдсон зээлийн хүү нь эрэгтэйчүүдийнхээс 0.8 хувиар өндөр байгааг 2024 оны 12 дугаар сарын ЖДҮ эрхлэгчдийн банкны зээлийн харьцуулалтад дурдсан байна. Дэлхийн 26 улсад хэрэгжүүлдэг “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд УИХ, Засгийн газар, СЗХ, ҮСХ, арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллагын санаачлага, идэвх, оролцоо чухал болохыг оролцогчид онцолж байлаа. Түүнчлэн “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” санаачилгыг дэмжиж 70 гаруй хамтарсан эрмэлзлийн бичигт гарын үсэгт гарын үсэг зурав.
Сэтгэгдэл ( 0 )