СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Зам тээврийн ослоос үүдэн 7 хүн НАС БАРЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 21

 

Энэ оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 19-ны өдрийн хооронд зам тээврийн ноцтой ослууд гарч, иргэд амь насаа алдаж, эд хөрөнгөөрөө хохирсон мэдээллүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ.

Тухайлбал, Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, ослын улмаас 40-44 насны 4 иргэн нас барсан, Төв аймгийн Аргалант сумын нутагт том оврын тээврийн хэрэгсэл суудлын автомашинтай мөргөлдөж, 19-39 насны 3 хүн нас барсан, Баянзүрх дүүргийн нутаг Хонхорын замд том оврын ачааны тээврийн хэрэгслийн жолооч 6 автомашиныг мөргөсний улмаас иргэд гэмтсэн, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт суудлын тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ замын хажуу руу онхолдсон зэрэг зам тээврийн ослуудад шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Зам тээврийн ослын шалтгааны дийлэнх хувийг хурд хэтрүүлэх, гүйцэт түрүүлэх ба гүйцэх үйлдэл хийх, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй байдлыг зөрчиж анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон зэрэг эрсдэлт нөхцөл байдал эзэлж байна.

-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,

-12 дугаар зүйл (Тээврийн хэрэгслийн хурд)-ийн 12.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”.

-Мөн дүрмийн 13 дугаар зүйл (Гүйцэж түрүүлэх ба гүйцэх) 13.1 дэх хэсэгт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэж тус тус зохицуулсан.

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ сахин хэрэгжүүлэх нь учирч болох эрсдэлээс хамгаалж чадна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(103.212.118.171) 2025 оны 04 сарын 21

Хэрэв этгээдүүд согтуугаар машин жолоодож яваа бол тэд санаатайгаар хүн алах гэж яваа алуурчид шүү, яг тэгэж хуульчлах ёстой, хүнд ял оногдуулах хуулийн заалт бий болгож мөрд.

0  |  0
Close menu