Өнөөдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Энэ өдөр холбогдуулан сэтгүүлзүйн салбарын төлөөллүүдийн "Өглөөний сонин"-д нийтлэгдсэн байр суурийг онцолж байна.
Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Сарантуяа: Цаасан сонинг бариад уншихаар уншсан болдог, тэр мэдрэмж хэзээ ч арилдаггүй юм байна
-Сонин их уншдаг. Одоо бол цахим орчноос түлхүү мэдээлэл авч байна. Сонины гол мэдээллүүд ч цахимд орчихдог болжээ. Гэхдээ л цаасан сонинг бариад уншихаар уншсан болдог, тэр мэдрэмж хэзээ ч арилдаггүй юм байна. Тиймээс сонинуудыг алгасахгүй уншдаг. Өнөөдөр өдөр тутмын дөрөв тавхан сонин үлдчихсэн байна гэдэг юуг харуулж байна гэхээр тэр сонин амьдраад л байна шүү дээ. Сайн менежменттэй байгаагийнх байх. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс сайн баг хамт олон болоод тэр сониныг хүмүүс захиалж байгаа. Цахим хөгжихөөс өмнө би сонинг бөөн бөөнөөр нь захиалж, эсвэл худалдаж авч уншдаг байсан. Тэд маань бараа туруугүй алга болжээ. Үлдсэн 4-5 сонин гэдэг нь өдөр тутмын “Өдрийн сонин”, “Өглөөний сонин”, “Зууны мэдээ”, “Өнөөдөр”, “Монголын мэдээ” юмуу даа. Энэ сонинууд бол телевизээр бол "Цагийн хүрд"-тэй адилхан гэсэн үг. Яг бодлогоо бариад, ноён нуруугаа алдахгүй яваад байгaa. Аргагүй л тунаж үлддэг юм байна гэдгийг харж, эдгээрийг уншиж явна. Сэтгүүл зүй энд л амьд байна, үнэнч байна гэж амталж, үнэртэж, мэдэрч уншдаг. Өдөр тутмын сонины муусайн сэтгүүлчдэдээ талархаж явдгаа хэлье.
Сэтгэгдэл ( 0 )