15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар сольж, шинэчилнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 03

 

Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамж зэрэг 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар хоёр байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна. 

 

 

Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодрууллаа. Тэрбээр “Нийслэлээс энэ ондоо багтаан 15 байршилд явган зорчигчийн замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар есөн байршилд ААН, байгууллагуудтай гэрээ байгуулж, ажлыг эхлүүллээ. Үлдсэн зургаан байршил дээрх худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. 

Улаанбаатар хотын томоохон гудамж болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө энэхүү төсөлд хамрагдах юм. Төслийн хүрээнд явган замыг явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд, багачууд зорчиход хүндрэлгүй байхаар шийдсэн. 

Тодруулбал, шинэ чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй буюу алхахад саад болохгүй. Мөн явган замын хавтанг том хэмжээтэйгээр буюу 30см x 60см болон 30см х 30см хэмжээтэй хийнэ. Ингэснээр дугуй болон скүүтэр зэрэг цахилгаан хэрэгсэлтэй зорчигчдод саадгүй болно” гэв.

 

 

Геологийн төв лабораториос Офицеруудын ордон хүртэлх явган замын ажил мөн эхлээд байна. Энэ талаар "Бадрах-Инженеринг" ХХК-ийн авто замын инженер Э.Энхтүвшин “5 шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган замын ажил эхэлсэн. Явган замыг нийт 28 мянган ам.метр талбайд хийхээс 10 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Шинэчилж буй чулуун хавтанг стандартын дагуу, явган хүн зорчиход хүртээмжтэйгээр 4 метрийн өргөн хийж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж хөтөч хавтанг 5 шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл хийнэ. Энэ хэсгийн ажлыг наймдугаар сарын 25-нд бүрэн дуусгана” гэлээ. 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сайн мэдээ байна(202.9.40.63) 2025 оны 05 сарын 04

ууг нь ценртал пост шуудангаас эхэлэх байлаа, ихэнхи явган гарцтай холбоосой, хүүхдийн сүүн шүд шиг лаларын хавтан нийлүүлсэн пи нарт хариуцлага тооцож, дор хаяж нэг өвлийн баталгаа авах нь чухал тээ

0  |  0
зочин(66.181.186.80) 2025 оны 05 сарын 04

өөрийнххөөрөө хийж байг дандаа өөрсдийгөө доош хийнэ худлаа шүүмжлэхдээ сайн бүр тамын тогооны шинжтэй шүү

0  |  0
зөв зам(103.212.118.171) 2025 оны 05 сарын 03

Яаж ч хичээгээд монгол компани автомашины болон явган хүний замын ажлыг Голландчууд шиг хийж чадахгүй гэдгийг баталгаатай хэлж чадна. Яагаад вэ гэвэл монголчууд дээр доргүй аливаа том жижиг төслийг мөнгө саах боломж гэж хардаг, өөрөөр хэлбэл төслийнхөө мөн чанар, үр дүн,г ойлгодоггүй.

0  |  0
Close menu