Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 116 хүн амиа алджээ

2025 оны 05 сарын 14

“Гэр бүлийн хүчирхийлэл, асуудал ба шийдэл” сэдвийн хүрээнд өнөөдөр (2025.05.14) Төрийн ордонд боллоо.

“Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ-ын захирал Н.Арвинтариа “Монгол Улс дахь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал: Асуудал ба шийдэл” сэдэвт илтгэл танилцуулав. Тэрбээр эхлээд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхээр 1995 онд байгуулагдсан төвийнхөө үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Монгол Улс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, хуулийг хэрэгжүүлэх бүтэц, механизм бий болгожээ. Улсын хэмжээнд 800 гаруй Хамтарсан баг ажиллаж байгаа бол 40 гаруй Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байгаа зэрэг олон ахиц дэвшил гарсныг танилцуулсан. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь гэмт хэрэг, зөрчил гэдгийг олон нийтээрээ ойлгож, энэ талаарх мэдлэг, мэдээлэл сайжирсан гэв. Үндэсний хэмжээнд мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, сурталчилгаа өргөн хүрээтэй явагддаг болсныг дурдав. Илтгэлийн сэдвийн хүрээнд 2021-2023 онд нийт 16 судалгаа хийгдсэн бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн байдалд 2023 онд үнэлгээ хийгдсэн байна.
 

Улсын төсвөөс 2020-2023 оны хооронд буюу дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар 10 тэрбум төгрөгийг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх үйл ажиллагаанд зарцуулсан байна. Гэсэн ч гэр бүлийн хүчирхийлэл жил тутам нэмэгдэж, хэлбэр рүү шилжиж байгааг анхааруулж байв. Ноцтой хэлбэр гэдэг цахим хэлбэрээр мөрдөж, заналхийлэн, амиа хорлох хүртэл дарамтлах гэх зэргээр хуульд томьёологдоогүй хэлбэрээр үйлдэгддэг болсныг хэлж байгаа аж. 2017-2024 онд 9610 гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг бүртгэгдэж, 116 хүн нас барж, 8000 шахам хүн гэмтсэн байна. Гэтэл криминологи шинжилгээ, судалгаагаар гэр бүлийн хүчирхийллийн 10 гэмт хэрэг тутмын 1 нь л илэрч, үлдсэн 9 нь нуугдмал байгаа гэдэг дүн гарсныг мөн дурдаж байв. Энэ төрлийн гэмт хэргийн нөлөө нь хохирогч, тухайн гэр бүлд тусах төдийгүй нийгэмд асар хортой үр дагавар үүсгэж байдгийг илтгэлд дурдсан. Жирэмсэн үедээ зодуулснаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөх, үр зулбах, сэтгэцийн гэмтэлд өртөх гээд өргөн хүрээнд анхаарч, шийдэх шаардлагатай гэв. Үүнд хүмүүсийн ирээдүйдээ итгэх итгэл буурч байгаа, ёс суртахууны уналтад орж байгаа, ядуурал, ажилгүйдэл, тэгш бус байдлын гүнзгийрэл, архидалт, жендэрийн уламжлалт хандлагууд нөлөөлж байгаа гэлээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд тулгарч буй асуудлуудыг Н.Арвинтариа захирал танилцуулав. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu