Тарваган тахлын улмаас эмнэлгийн 41 ажилтан тусгаарлагдлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 09 сарын 09

Хөвсгөл аймагт 2025 оны есдүгээр сарын 3-ны өдөр тарваган тахал өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш есдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар нийт 3 тохиолдол эмнэлзүйн шинж тэмдэг, тархвар судлал, лабораторийн молекул биологийн шинжилгээгээр батлагдаж, 1 хүн нь нас барсан харамсалтай явдал болоод байна. 

Одоогийн байдлаар 2 хүн Хөвсгөл аймгийн Мөрөн хотод, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол нийт батлагдсан 3 тохиолдлын нэгдүгээр хавьтал 96 хүнийг тодорхойлж, тусгаарлажээ.


Тэдгээр 96 хүний дунд 
 

  • Эрүүл мэндийн байгууллагын 41 ажилтан
  • Гэр бүл болон бусад ойрын хавьтал 55 хүн байна


Эдгээр бүх нэгдүгээр хавьтлаас шинжилгээ авахад 22 хүний шинжилгээ эерэг гарснаас 2 хүн нь шинж тэмдэг илэрч, нян судлалын шинжилгээгээр батлагджээ.  Үлдсэн 20 хүн сэжигтэй тохиолдлоор бүртгэгдэн, хяналтад байна.

Дахин дүгнэхэд, Хөвсгөл аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш өчигдрийн байдлаар батлагдсан тохиолдол 3, сэжигтэй иргэн 20, тусгаарлалтад 96 хүн байна. 

Цагаан-Уул сумын Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 9 сарын 15 хүртэл сунгалаа

Хөвсгөл аймагт тарваган тахлын тохиолдол батлагдсантай холбогдуулан голомтот бүс нутгаас болон гарал үүсэл нь тодорхойгүй тээвэрлэгдэн ирсэн тарвагыг хадгалж, нөөцөлсөн иргэд тарвагаа Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч, устгалд оруулж байна. Өчигдөр гэхэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн өөрийн хүсэлтээр 30 тооны тарвагыг мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгч, орчны ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэжээ. 

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тус сумдын гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, шаардлагатай цэгүүдэд эргүүл, хяналтын 19 постыг ажиллуулж эхэлжээ. 

Халдвартай иргэдэд үйлчилсэн эмч нарын PCR шинжилгээ эерэг гарлаа

Тарваган тахлын халдвартай иргэдэд үйлчилсэн 14 эмнэлгийн ажилтны PCR шинжилгээ ЭЕРЭГ гарсантай холбоотойгоор Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэр бүхий тасгийн үйл ажиллагаа доголдох эрсдэл үүсээд байна.

Эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулж, иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн их эмч А.Эрдэнэбаяр ажиллахаар болжээ. 

Мөн нөхцөл байдлыг тодруулахад тархалтыг хумьж, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс баг бүрэлдэхүүн илгээсэн болохыг мэдээллээ.

Хөвсгөл аймагт хамгийн сүүлд 2015 онд тарваган тахлын хүний өвчлөлийн 2 тохиолдол бүртгэгдсэнээс 1 тохиолдол нас барж, 1 тохиолдол эдгэрч байжээ. 

Монгол Улсын хэмжээнд 17 аймаг, 137 сумын нийт нутаг дэвсгэрийн 28.3% буюу 443.3 км квадрат талбай тарваган тахлын байгалийн голомттой ба 2005-2025 онд тарваган тахлын нийт 31 хүний өвчлөлийн тохиолдол буюу жилд дунджаар 1-2 тохиолдол бүртгэгдэж, нас баралт 35 хувьтай байсан. Тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол 2020 онд хамгийн олон буюу 6 тохиолдол батлагдаж нас баралтын хамгийн өндөр байсан гэх тоон судалгаа байна. 

Тарваган тахал нь хавар дөрөвдүгээр сараас идэвхжиж, 8-9 дүгээр сард оргил үедээ хүрч, 10 дугаар сарын дунд үеэс эхлэн намжмал байдалд ордог аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top