.jpg)
АНУ-ын хамгийн том нисэх буудлуудын нэг болох Сан Франциско Олон Улсын Нисэх Буудалд Монгол залуу ажиллаж эхэлжээ. Тус нисэх буудал нь нислэгийн тоогоороо эхний 10-т бичигдэх томоохон нисэх буудал бөгөөд Э.Цэнгүүн нь уг нисэх буудалд ажилд орох хүсэлтээ илгээсэн мянга мянган залуусаас эхний 900-д шалгаран, улмаар шалгалт өгч эхний 4-т бичигджээ.
Өндөр шалгууртай гэдгээрээ алдартай тус нисэх онгоцны буудалд нисэх буудлын талбайн аюулгүй ажиллагааны офицероор ажиллаж байгаа Э.Цэнгүүн нь энэхүү албан тушаалд томилогдон ажиллаж буй цорын ганц Монгол залуу юм.
Нисэх буудлын зурвас, хөдөлгөөний талбайн өдөр тутмын аюулгүй ажиллагааг хянах, олон улсын стандарт мөрдөгдөж буй эсэхийг шалгах, осол болон зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал үүрэг хүлээн ажиллаж буй тэрээр 2012 онд ахлах сургуулиа төгсөж, улмаар Сан Хосе Төрийн Их Сургуульд (San José State University) суралцан, Агаарын тээврийн үйл ажиллагаа (Aviation Operations) мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалж 2018 онд амжилттай төгсжээ.
Southwest Airlines компаниас ажлын гараагаа эхэлж, 2022 онд Red Hill View нисэх буудалд (Reid–Hillview Airport) “Airport Operation Specialist” буюу нисэх буудлын үйл ажиллагааны мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн нь томоохон нисэх буудлуудад ажиллах замыг нь нээж өгчээ.
Үүний дараа Калифорни мужийн хойд хэсгийн хамгийн том нисэх буудлуудын нэг болох Сан Хосе Олон Улсын Нисэх Буудалд (San José International Airport) “Senior Airport Operations Specialist” буюу ахлах мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн тэрээр 2023 оноос эхлэн Сан Франциско Олон Улсын Нисэх Буудалд ажиллаж эхэлжээ.
АНУ-ын нисэх буудлууд, тэр дундаа SFO нь аливаа агаарын тээврийн компанид харьяалагддаггүй, харин тухайн хотын болон мужийн захиргаанд харьяалагддаг онцлогтой. Тиймдээ ч улсдаа нэр хүндтэйд тооцогддог бөгөөд цалин хангамж, нэмэлт тэтгэмж, олон талын боломжуудыг олгодог нь мянга мянган залуусын мөрөөдөл болсоор иржээ.

.jpg)
.jpg)

Сэтгэгдэл ( 1 )
Монгол залуусыг ийм байгаасай, чадалтай байгаасай, мэдлэгтэй байгаасай, даруухан соёлтой байгаасай гэж хүсье.