ХЭН ЮУ ХЭЛЭВ | “Ирэх долоо хоногийн дундаас шатахууны нийлүүлэлт хэвийн болно”

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 27

 

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.10.27/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар мэдээлэл өгөв.

Г.Дамдинням: Шатахууны нөхцөл байдал аажмаар сайжирч байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлэхдээ “Манай улс сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд шатахууны нөөц бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэх ажлуудад хангалттай анхаарал хандуулж ирээгүй нь өнөөгийн нөхцөл байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Иймд бид ОХУ-тай яаран гэрээ хэлэлцээр хийхээс илүүтэйгээр, урт хугацаанд энэ асуудал бидэнд хэрхэн нөлөөлөхийг бодож, тогтвортой шийдэл гаргах нь чухал юм.

Шатахууны хомсдолтой холбоотойгоор иргэдэд хүргэх хамгийн чухал мэдээлэл бол нөхцөл байдал аажмаар сайжирч байна. Ирэх долоо хоногийн лхагва гарагаас эхлэн шатахууны нийлүүлэлт хэвийн болно гэж үзэж байна. ОХУ, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд шатахууны нийлүүлэлт хангалттай хэмжээнд үргэлжилж байгаа. Баруун таван аймагт одоогоор Улаанбаатар хотоос шатахуун тээвэрлэн нийлүүлж байна. Эдгээр аймгууд руу ОХУ-аас шууд шатахуун нийлүүлэх талаар хэлэлцээр хийж байгаа, ирэх арваннэгдүгээр сараас нийлүүлэлт эхэлж магадгүй гэсэн мэдээлэл бий. Тэр хугацаа хүртэл баруун аймгуудад төвийн бүсээс шатахуун нийлүүлэлтийг үргэлжлүүлнэ” гэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: Миний хувьд бүлгийн тамга, тэмдгээ авах гэж ч яарахгүй байгаа

Тэрбээр хэлэхдээ “Ирэх 2026 оны улсын төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын явц, тооцоо, судалгааг өнөөдрийн бүлгийн хурлаар сонслоо. Өнөөдрийн бүлгийн хуралд нийт 35 гишүүн оролцсон. Ажлын хэсгийн гаргасан санал санаачлагыг МАН-ын бүлэг зарчмын хувьд дэмжсэн шийдвэр гаргалаа. Миний хувьд бүлгийн тамга, тэмдгээ хараахан аваагүй байгаа. Авах гэж ч яарахгүй байгаа. Наана нь хэлэлцэх шийдвэрлэх илүү чухал улс орны асуудлууд байна” хэмээв.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Хүүхдийн мөнгөнд бид гар хүрэхгүй гэдгийг баттай хэлье

Тэрбээр өгсөн мэдээлэлдээ “2026 оны улсын төсвийн хэлэлцүүлэг есдүгээр сарын 1-нээс эхлэн нээлттэй, ил тод байдлаар явж байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, долоон байнгын хороогоор төсвийн хэлэлцүүлгүүд өрнөсөн.

УИХ-ын гишүүдээс нийт  зарчмын зөрүүтэй 115 санал гаргаснаас 76 санал дэмжигдэж, 39 санал дэмжигдээгүй. Эдгээрийн дотор урсгал зардалтай холбоотой 32, Нийгмийн даатгалын сантай холбоотой дөрөв, НҮБ-ын хурлын зардалтай холбоотой таван санал тус тус орсон. Эдгээр саналуудыг тоймлож үзвэл багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхдээ төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлаас хоёр хувиар танах, тэтгэврийг 10 хувиар нэмэх гэх мэт саналууд гарсан. Гэхдээ үүн дээр та бүхэнд нээлттэй мэдээлэл өгөхөд Монгол Улсын төсвийн зарлага 32.9 их наяд төгрөг байгаагийн  8.8 их наяд төгрөг нь хөрөнгө оруулалтын төсөв байдаг. Үүн дотроо шинэ хөрөнгө оруулалт 1.1 их наяд төгрөг байгаа юм.

НДС, ЭМДС нийлээд 8.8 их наяд төгрөг байдаг. Энэ бол яагаад ч оролдож болохгүй мөнгө гэсэн үг. Үүний цаана мөн яаж ч ядарсан оролдож болохгүй төсвүүд бий. Үүнд төрийн албан хаагчдын цалин 7.2 их наяд төгрөг, хүүхдийн мөнгө 1.6 их наяд төгрөг бий. Хүүхдийн мөнгөнд бид гар хүрэхгүй гэдгийг баттай хэлье.

Үүний цаана 7.2 их наяд төгрөг үлдэж байгаа. Гэтэл үүн дотор дахиад хүрч болохгүй мөнгө бий. Тухайлбал, гадаадын зээлийн хүүд төлөх 1.4 их наяд төгрөг бий. Үүнийг төлөхгүй бол эргээд эдийн засагт маш хор хөнөөлтэй. Энэ бүхнийг тооцоод үзэхэд төрийн бүх ажлыг 5.5 их наяд төгрөгт багтаан явуулах болж байгаа юм. Үүнээсээ бид 10 хувийг нь татаж, зарлагыг нь шилжүүлж багш нарын цалинг 20+10 буюу 2026 он гараад 10 хувь, ирэх оны долоодугаар сарын 1-нээс дахин 10 хувь нэмэгдүүлэхээр төлөвлөсөн” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top