.jpg)
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
13-наас 14-нд шилжих шөнө Увсын зүүн, Завханы баруун болон хойд хэсгээр,14-ний өдөр Завханы зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд хэсэг, Орхон, Дархан-Уул, Сэлэнгийн нутгаар цасан шуурга шуурна.
Говь-Алтай, Баянхонгорын өмнөд,Өвөрхангайн зүүн болон өмнөд, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна.
2025 оны 11-р сарын 13-ны 20 цагаас 2025 оны 11-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -18...-23 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор -3...+2 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -13...-18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +5...+10 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, оройдоо цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19...-21 градус, бусад хэсгээр -11...-13 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, оройдоо цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.
2025 оны 11-р сарын 15-наас 11-р сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
15-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 15-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -20…-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -14…-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )