УВС | "Шинэ Улаангом" захад гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна

2025 оны 11 сарын 25

Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах “Шинэ Улаангом зах” шатаж байна гэх дуудлага өнөөдөр /2025.11.25/ 09:23 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 56 алба хаагч, 8 нэгж автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Алба хаагчдыг очиход 42×64 метрийн хэмжээтэй хоёр давхар сендвичэн хийцлэлтэй худалдааны төвийн II давхарт гал түймэр гарсан байсан бөгөөд унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулж байна.

Хүйтний улирал эхэлж, халаалтын ачаалал ихэссэнтэй холбоотойгоор Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэх гал түймрийн дуудлагын тоо нэмэгдэж байна. Энэ нь цахилгааны хэт ачаалал, залгуур дамжуулах ажиллагааны буруу хэрэглээ, халаалтын төхөөрөмжийн аюулгүй хэрэглээнээс шалтгаалах эрсдэлийг эрс нэмэгдүүлж байгаа юм.

 

Иймд:

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд стандартын шаардлага хангасан барилгын материал ашиглах,

Цахилгаан угсралт, монтажийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх,

Галын аюулгүй байдлын дотоод хяналтыг тогтмол хийх,

Онцгой байдлын байгууллагаас гаргаж байгаа заавар, зөвлөмжийг чанд мөрдөхийг анхааруулж байна.

Мөн онцлон тэмдэглэхэд: Сүүлийн үед барилга, обьект дотор шингэрүүлсэн шатдаг хий (LPG)-ийг их хэмжээгээр хадгалах, ашиглах тохиолдол нэмэгдэж байгаа нь гал түймрийн үед дэлбэрэлт үүсэх өндөр эрсдэлтэй, гал унтраах ажиллагааг хүндрүүлэх, алба хаагчдын аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна.

Иймд LPG-ийг:

Зөвхөн зориулалтын агуулахад,

Стандартын даралтат саванд,

Аюулгүй ажиллагааны дүрэм, зай талбайн шаардлагын дагуу хадгалах,

Обьект дотор их хэмжээгээр байрлуулахгүй байх,

Хийн алдагдал илрүүлэх болон агааржуулалтын системийг тогтмол шалгаж байхыг онцгойлон анхааруулж байна.

Онцгой байдлын газар галын аюулыг бууруулах, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top