
“Нэйшнл Лайф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Монголхүүтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Уншигчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэнд хүргэе. “Нэйшнл Лайф” даатгал байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Үйл ажиллагаа хэр өргөжсөн бэ?
-Манай компани 2007 онд байгуулагдсан. 2008 оноос тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Манай компани урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг. Одоогоор урт хугацааны даатгалын гурван компани үйл ажиллагаа явуулж байна. Манай компани байгуулагдсанаас хойш амь нас, эрүүл мэнд, тэтгэвэр, хуримтлал гэсэн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж байна. Автомашины, эд хөрөнгийн даатгал хийдэггүй. 2009 онд анх удаа олон улсын хувийн эрүүл мэндийн даатгалыг Германы давхар даатгалын компанитай хамтран Монголд нэвтрүүлж, нутагшуулсан. 2010 онд хувийн тэтгэврийн даатгалыг гаргасан. Тэрнээс өмнө тэтгэврийг нийгмийн даатгалаар л төсөөлдөг байлаа. Хууль эрх зүйн хүрээнд хувийн тэтгэврийн даатгал гэх бүтээгдэхүүнийг зөвхөн амьдралын даатгалын компани л гаргах боломжтой. 2018 онд бид хүнд өвчний даатгалын гаргасан. Монголчуудыг санхүүгийн дарамтад оруулж байгаа хүнд өвчлөлүүд элбэг байна. Тухайлбал, зүрх судас, хорт хавдрын өвчлөл их байна. Аав, ээжийн даатгал буюу эрэгтэй, эмэгтэй хүнд зонхилдог өвчнүүдийг хамруулсан даатгалуудыг гаргасан. Гол нь энэ бүтээгдэхүүн хямд байх ёстой. Сая төгрөг давчихсан даатгалыг хүмүүс худалдаж авч чадахгүй шүү дээ. 5-10 сая төгрөгийн бага хамгаалалттай байж болно. Тэгэхдээ сарын 5-7 мянган төгрөг төлөөд хамрагдах боломжтой. Тамхи татдаг хүмүүс хоёр хоногт нэг хайрцаг тамхи татдаг. Тамхи татахаа больчихвол төрөл бүрийн даатгал авах боломжтой болно. Энэ өнцгөөс харахад даатгал тийм үнэтэй биш юм. Дундаж монгол хүний төлбөрийн чадварт нийцсэн даатгалын бүтээгдэхүүн гаргахыг зорьсон.
-УБТЗ-тай байгуулсан хамтын ажиллагааныхаа талаар ярина уу?
-УБТЗ-д гурван давхарт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх зорилготой хамтарч ажиллаж байна. Гурван давхарт гэдэг нь улсын тэтгэвэр, ажил олгогч болон хувь хүн өөрөө бий болгож байгаа тэтгэврийн хуримтлалыг хэлнэ. Манай компанитай хамтарч ажилласнаар эхний ээлжинд төмөр замчдад зөв ойлголтыг өгөх хэрэгтэй байна. Тэтгэвэрт гарахдаа ганц нийгмийн даатгалд найдах биш хувиараа, бас ажил олгогч нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд оролцох хэрэгтэй. Хүн тэтгэвэрт гараад хүнд амьдрал руу халтирч орчих гээд байдаг. Төмөр замд бүх амьдралаа зориулсан хүмүүс олон. Тэтгэвэрт гарсан ч үргэлжийн холбоотой байхыг тэтгэвэр гэдэг зүйл чинь бэлгэдээд байгаа юм. Сар бүр л тэтгэврээ авахдаа энэ байгууллагаас минь өгч байгаа юм шүү гэдэг мэдрэмжийг авах болов уу. Төмөр замчдын дийлэнх нь оффист биш төмөр замын аюул, эрсдэлтэй орчин нөхцөлд ажилладаг. Хүнд даацын машин механизм, тоног төхөөрөмжтэй ажилладаг хүмүүст ямар ч эрсдэл тохиолдож болно. Бас хөдөө хээр, гадаа ажиллаж байна. Эрүүл мэнд, амь насны даатгал ч хэрэгтэй. Цаашдаа хамтын ажиллагаа улам өргөжих болов уу гэж найдаж байна. Нийт 20 гаруй удаа 1100 орчим төмөр замчинд сургалт зохион байгуулсан.
-Амь насны даатгалын талаар хүмүүсийн ойлголт хэр өөрчлөгдсөн бэ?
-Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалыг өмнө нь гэнэтийн ослын даатгал амьдралын даатгал гэх сонголттойгоор л хийдэг байсан. Сүүлийн жилүүдэд, ялангуяа Санхүүгийн зохицуулах хорооны өнгөрсөн наймдугаар сарын 01-ний өдөр гарсан шийдвэрийн дараа ипотекийн зээлдэгчдийн дунд амьдралын даатгалын эрэлт нэмэгдсэн. Энэ төрлийн даатгалын ач холбогдлыг хүмүүс илүү ойлгож эхэлсний илрэл юм. Анх хүмүүст амь насны даатгал гэж ярьж тайлбарлаад явахаар “Ямар билиггүй, муухай зүйл ярьдаг хүмүүс вэ” гэж манай менежерүүд загнуулаад гардаг байсан. Одоо хүмүүсийн хандлага их өөрчлөгдсөн. Өмнө нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ажилчдаа даатгуулдаг байсан. Одоо дотоодын компаниуд ч ажилчдынхаа санхүүгийн аюулгүй байдлыг хангахын тулд даатгалд хамруулж байгаа нь эерэг үзүүлэлт. Хувь хүн ч амь насны даатгал хийлгэх нь нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Хуримтлал, тэтгэврийн даатгал зэрэг хувь хүний санхүүгийн төлөвлөлтийн ухамсар дээшлэх тусам ирээдүйд амь насны даатгалын хэрэглээ улам нэмэгдэх хандлагатай байна.
Амь насны даатгал нь зөвхөн өөртөө зориулсан зүйл биш, харин гэр бүл, хайртай хүмүүсийнхээ ирээдүйн санхүүгийн аюулгүй байдлыг хангах чухал хэрэгсэл. Гэнэтийн ослоор эсвэл өвчний улмаас амь насаа алдах эрсдэл тохиолдвол таны ард үлдсэн гэр бүлд санхүүгийн дарамт учрах магадлалтай. Ийм үед амь насны даатгалын нөхөн төлбөр банкны, автомашины, оюутны зээл зэрэг таны нэр дээрх өр төлбөрийг барагдуулахад дэмжлэг үзүүлнэ. Таны орлогоор амьдарч байсан гэр бүлийн гишүүдийн өдөр тутмын хэрэгцээг хангах, хоол хүнс, хувцас, байрны төлбөр зэрэгт зарцуулагдана. Хэрэв та хүүхэдтэй бол тэдний боловсролын зардлыг санхүүжүүлэхэд тусална. Гэр бүлийнхээ ирээдүйн зорилгод (орон сууц худалдан авах, бизнес эхлүүлэх гэх мэт) хөрөнгө оруулалт хийх боломжийг олгоно.
Амь насны даатгал нь хайрыг орлож чадахгүй ч, таны үлдээсэн санхүүгийн дэмжлэг гэр бүлийнхэнд тань хүнд хэцүү цаг үед тогтвортой байдлыг хангаж чадна, таны хайр халамжийг үргэлжлүүлэх нэг хэлбэр юм. Энэ бол санхүүгийн хариуцлагатай, хайртай хүмүүсээ гэсэн сэтгэлийн илэрхийлэл гэж ойлгож болно.
-Та даатгалын салбарт хэдэн жил ажиллаж байна вэ. Захирлын албан тушаал таны хувьд эрх мэдэл үү, эсвэл хариуцлага уу?
-Би 2002 оноос санхүүгийн салбарт ажиллаж байна. АНУ-д банкны салбарт, ялангуяа ипотекийн зээлийн чиглэлээр ажиллаж байсан туршлага Монголын даатгалын салбарт ажиллахад дөхөм болсон. Өөрийгөө даатгалын чиглэлээр ажиллана гэж төсөөлж байсангүй, зорилго ч байгаагүй. Хоёр салбар хоорондоо төстэй, хүмүүст санхүүгийн хувьд тогтвортой, аюулгүй байдлыг бий болгоход чиглэдэг нь ажилдаа дуртай болоход нөлөөлсөн. Ипотекийн зээл болон даатгал хоёулаа хүний амьдралын чухал шийдвэрүүдтэй холбоотой. Орон сууц худалдан авах нь хүний амьдралын томоохон хөрөнгө оруулалт бөгөөд энэ үед даатгал нь тухайн хөрөнгийг хамгаалах, эрсдэлээ сэргийлэх чухал хэрэгсэл болдог. Хүмүүсийн сэтгэл ханамжийг харах нь ажлын урам зоригийг нэмэгдүүлдэг.
Миний хувьд 2009 оноос захирлын албан тушаал хашиж байна. Өмнө нь үнэт цаасны компанид захирлаар ажиллаж байсан. Захирлын албан тушаал нь эрх мэдэл гэхээсээ илүүтэйгээр хамт олныхоо өмнө хүлээсэн асар том хариуцлага. 16 жилийн турш захирлын албыг хашихдаа олон сорилттой тулгарч, алдаа оноогоо дүгнэж, тасралтгүй суралцсаар ирсэн. Өнөөдөр мэдээд байгаа мэт боловч хоёр жилийн дараа “Бас болоогүй байж дээ” гэж бодогдоно. Үргэлж эргэж харан өөртөө дүгнэлт хийж, өдөр бүр суралцсаар л явна. Захирлын ажил хэзээ ч хялбар байдаггүй.
-Монголчуудын хувьд даатгал гэх ойлголт одоо ч эргэлзээтэй хэвээр. Итгэлийг яаж бүтээдэг вэ?
-Даатгал нь хүний амьдралд тохиолдож болох эрсдэлийг удирдах чухал хэрэгсэл. Олон улсын жишгээр даатгалын салбар санхүүгийн томоохон байгууллагуудын нэг болж хөгжсөн нь түүний ач холбогдлыг харуулж байна. Даатгал нь амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хариуцлагын эрсдэлийг бууруулах зорилготой. Эрсдэл тохиолдсон үед урьдчилан төлөвлөсөн байх нь санхүүгийн дарамтыг багасгах давуу талтай. Тухайлбал, автомашин осолдож, 5 сая төгрөгийн хохирол учирсан тохиолдолд даатгалтай байснаар 30 мянган төгрөгийн хураамжаар энэ хохирлыг барагдуулах боломжтой. Энэ нь бага зардлаар эрсдэлийг даван туулах боломж юм. Мөн хүмүүс өдөр тутмын амьдралдаа хандив өгөх замаар даатгалын зарчмыг хэрэгжүүлдэг. Хүн бүрт өдөр бүр эрсдэл тохиолддоггүй тул олон хүний хураамжийг нэгтгэн, эрсдэлд өртсөн хүнд туслах нь даатгалын гол зарчим. Гэсэн хэдий ч даатгалын бүтээгдэхүүнийг зөв ойлгуулах, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэх нь чухал. Зарим тохиолдолд хэрэглэгчид даатгалын бүтээгдэхүүний талаар бүрэн ойлголтгүй байх, эсвэл борлуулагч зөвхөн борлуулалтад анхаарах нь итгэлцлийг бууруулдаг. Иймд манай компани хэрэглэгчдэд ойлгомжтой, хэрэгцээнд нь нийцсэн бүтээгдэхүүн санал болгохыг зорьдог. Даатгал нь талх, гар утас шиг шууд хэрэглэгддэг бүтээгдэхүүн биш, харин ирээдүйн эрсдэлээс хамгаалах үнэ цэнтэй хэрэгсэл гэдгийг ойлгуулах нь компанийн хөгжлийн үндэс юм.
Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх ойлголцлыг сайжруулах, мэдээллээр хангах, үнэн зөв нөхцөлийг хэрэглэгчдэд хүртээмжтэй тайлбарлах нь компани болон харилцагчийн харилцааг урт хугацаанд тогтвортой, итгэлцэлтэй байхад шууд нөлөөлдөг. Үндсэндээ, ойлголцлыг эрхэмлэж сургалт, зөвлөгөөг шат дараатай хэрэгжүүлдэг нь ирээдүйд бий болох үл ойлголцол, маргааны эрсдэлийг эрс бууруулах хамгийн зөв арга замд тооцогддог.
Манай компани 2008 оноос хойш шүүхийн ямар нэгэн маргаангүй ажиллаж ирсэн. Мөн Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гараагүй нь хэрэглэгчидтэйгээ маш сайн ойлголцож, зөв, ил тод мэдээлэл өгч ажилласны бодит нотолгоо юм.
-Нэйшнл Лайфын нэг үйлчлүүлэгчийн амьдралыг бодитоор нь аварсан, эсвэл гэр бүлийг нь хамгаалсан түүхээс хуваалцвал?
-Олон үйлчлүүлэгч эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авсны дараа талархал, илэрхийлдэг. Үйлчилгээ үзүүлж буй баг хамт олон маань харилцагчдаас эерэг үнэлгээ авах нь тэдэнд урам зориг өгч, ажлаараа бахархах сэтгэл төрүүлдэг. Амь нас, эрүүл мэндийн эрсдэл тохиолдлын үед даатгал нь ар гэр, хувь хүнд бодитой дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, элэг солиулах мэс засалд 300 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөр авч, бүрэн эдгэрсэн хүн ч бий. Ийм нөхөн төлбөр нь тухайн хувь хүнд шинэ амьдрал бэлэглэж, амьдралыг орвонгоор нь өөрчилдөг. Тэдний олонх нь хариуцсан менежертэйгээ харилцаа холбоогоо хадгалж, бусдад даатгалын үйлчилгээг санал болгох тохиолдол гардаг.
-Хэрвээ та даатгалыг нэг өгүүлбэрээр тодорхойлбол юу гэж хэлэх вэ?
-Өөрийн ярианаас анзаарахад тусламж гэж их хэлэх юм даа. Даатгалын бизнес нь математикийн нарийн тооцоолол, статистикийн дүн шинжилгээ, актуар тооцоолол зэрэг олон төвөгтэй хүчин зүйлсийг агуулдаг. Банкны хувьд мөнгө хадгалах, зээл олгох үйл явц нь харьцангуй энгийн процесс явагдана. Даатгалын салбарт ирээдүйд тохиолдож болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, түүнд тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог нь илүү их мэдлэг, ур чадвар шаарддаг. Даатгалыг хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ гэж үзэх нь зүйтэй. Ус, агаар шиг амьдралд чухал үүрэгтэй энэ бизнес нь хүмүүсийн санхүүгийн аюулгүй байдлыг хангах, гэнэтийн эрсдэлээс хамгаалах үүрэгтэй. Тухайлбал, гар утасны бизнес нь хүний тансаг хэрэглээ, сонирхолд тулгуурладаг бол даатгал нь амьдралын бодит хэрэгцээнд суурилдаг.
-Даатгалын салбарт эрсдэлтэй нүүр тулна гэдэг өдөр тутмын үзэгдэл. Харин та хувийн амьдралаа эрсдэлээс хэрхэн хамгаалдаг вэ?
-Даатгалын салбарт ажилладаг хүний хувьд эрсдэлийг урьдчилан тооцоолох, төлөвлөх шаардлагатай байдаг нь миний хувийн амьдралд ч нөлөөлнө. Энэ нь нэг талаас намайг илүү хариуцлагатай, урт хугацааны төлөвлөгөөтэй болгож байгаа хэдий ч нөгөө талаас стресс, санаа зовнилыг бий болгох магадлалтай. “Сүх далайтал үхэр амгалан” гэдэг шиг хүмүүс аливаа асуудлыг тулгарах үед нь шийдвэрлэхийг илүүд үздэг. Даатгалын салбарт ажилладаг хүмүүс эрсдэлийг урьдчилан харж, түүнээс сэргийлэх арга хэмжээ авахыг эрмэлздэг. Энэ нь тэднийг илүү хариуцлагатай, няхуур болгодог ч зарим тохиолдолд хэт их стресст оруулж, бусдад ч төвөгтэй санагдаж болзошгүй.
-AI, дижитал хөгжил даатгалын салбарыг хэрхэн өөрчилж байна вэ?
-Даатгалын салбар төвөгтэй нарийн порцессоор явагддагийг дээр дурдсан. Хүмүүс өдөр тутам ийм төрлийн харилцаанд орж, даатгалын бүтээгдэхүүн худалдаж авдаггүй. Бас өдөр бүр байр худалдаж авдаггүй. Энэ нь ховор тохиолдол учраас тэднийг ойлгуулах, итгүүлэхэд цаг хугацаа, хүчин чармайлт шаарддаг. Харин AI, дижиталжуулалтын хөгжил нь энэ процессыг хялбарчлах, хурдасгах боломжийг олгож байна. Хүмүүсийн хэрэгцээ, сонирхолд тохирсон мэдээллийг дижитал сувгаар дамжуулан хүргэх, тэдний асуултад хариулах, зөвлөгөө өгөх зэрэг нь цаг хугацаа, зардлыг хэмнэхээс гадна хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ. Сүүлийн үед сургалтын нэг аргачлал гараад байгаа. Тодруулбал, хүүхдийн хичээлийн түвшинг онлайнаар шалгаж, тохирсон сургалтын материалыг санал болгох нь боловсролын салбарт дижитал технологийн хэрэглээг нэмэгдүүлж байна. Амьдралын даатгалын салбарт хүний эрүүл мэнд, амь насны эрсдэлийг үнэлэх нь маш чухал бөгөөд энэ нь даатгалын хураамжийн тарифыг тогтооход гол үүрэг гүйцэтгэдэг. Хүмүүсийн амьдралын хэв маяг, сонирхол, ажил мэргэжил зэргээс хамааран эрсдэлийн түвшин харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, уул хаданд авирах, спортоор хичээллэх зэрэг эрсдэлтэй үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүсийн эрсдэлийг манай даатгал хэмжиж тогтоодог. Нөгөө хүний эрсдэлд тохируулж, хураамжийн тарифыг гаргаж ирээд, үнийг тогтоох зэрэг ажлыг автоматжуулж эхэлж байна. Одоогийн байдлаар даатгалын компаниуд харилцагчаас асуулга авч, түүнийг боловсруулах замаар эрсдэлийг үнэлдэг бөгөөд энэ процесс нь ихэвчлэн 24 цаг зарцуулдаг. Гэвч технологийн дэвшлийн ачаар дижитал шийдлүүд нэвтэрч, харилцагчтай харилцах явцад шийдвэр гаргах боломжтой болж байна. Мөн нөхөн төлбөрийг дижиталаар боловсруулах зэрэг шинэчлэлүүд олон улсын компаниудад хэрэгжиж эхэлсэн. Манай компани эдгээр шинэ технологи, дижитал шийдлүүдийг судалж, цаашдын зорилгоо болгон ажиллаж байна.
-Ирэх 5-10 жилд “Нэйшнл Лайф” компанийг хүмүүс ямраар төсөөлөх бол?
-Маш гоёор төсөөлөх болов уу гэж бодож байна. Харилцагчидтайгаа ойлголцох, тэдэнд үнэ цэнийг мэдрүүлэх үйл явц удаан хугацаа шаарддаг ч тууштай ажилласнаар үр дүнд хүрэх боломжтой. Технологийн дэвшил, дижитал шийдлүүдийг нэвтрүүлснээр энэ үйл явцыг хурдасгаж, илүү үр дүнтэй болгох боломж бүрдэнэ. Тиймээс манай компани ирээдүйд илүү хөгжин дэвшиж, харилцагчдадаа илүү ойлгомжтой, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлдэг, итгэл даахуйц байгууллага болно гэдэгт итгэлтэй байна. Энэ бидний туйлын хүсэл шүү дээ.
-Ирээдүйд даатгал нь бичиг цаас уу, эсвэл харилцаа, өгөгдөл итгэл дээр суурилах уу?
-Бизнес, ялангуяа даатгалын салбар нь итгэлцэл дээр тогтдог. Хүмүүсийн хоорондын харилцаа, ойлголцол нь энэ салбарт маш чухал. Гэхдээ технологийн хөгжил, дижитал шилжилт нь харилцааны хэв маягийг өөрчилж байна. Банкны салбарын жишээгээр авч үзвэл, залуучууд уламжлалт банкны үйлчилгээнд бага хандаж, онлайн болон мобайл банк ашиглах нь нэмэгдэж байгаа нь үнэн. Харин ахмад хүмүүс банкны салбарт ирж харилцааны хэрэгцээгээ хангахыг илүүд үздэг гэнэ. Энэ нь тэдний хувьд зөвхөн санхүүгийн үйлчилгээ авах бус, харилцаа холбоо тогтоох нэг хэлбэр болдог. Амьдралын даатгалын хувьд ч мөн адил. Энэ нь нарийн төвөгтэй, хувь хүний онцлогт тохирсон бүтээгдэхүүн учраас харилцан ярилцах, тайлбарлах, асуулт асуух шаардлага их гардаг. Иймд харилцаа чухал хэвээр байна. Гэхдээ дижитал технологи хөгжихийн хэрээр даатгалын салбар ч мөн адил дижитал хэлбэрт шилжих хандлагатай байна. Олон улсын жишгээр даатгалын компаниуд хиймэл оюун ухаан, их өгөгдөл, блокчейн зэрэг технологийг ашиглан үйл ажиллагаагаа автоматжуулж, хэрэглэгчдэд илүү хялбар, хурдан үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байна. Ирээдүйд даатгалын салбар нь дижитал өгөгдөлд суурилсан, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн, уян хатан бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог болно гэж таамаглаж байна. Гэхдээ хүний харилцаа, итгэлцэл бүрэн алга болохгүй, харин технологитой хослуулан хөгжих болно.
-Танай компанийн нийгэмд үлдээхийг хүсэж буй хамгийн том мөр юу вэ?
- Монголын санхүүгийн зах зээл нь одоогоор богино хугацааны санхүүжилтэд тулгуурлаж байгаа нь үнэн. Банкны салбар нь ихэвчлэн нэг жилийн хугацаатай хадгаламжаар санхүүждэг бөгөөд үүнийгээ богино хугацааны зээлд байршуулдаг. Харин урт хугацааны санхүүжилтийн хэрэгцээ шаардлага байсаар байна. Ипотекийн корпорацийн үйл ажиллагаа нь урт хугацааны санхүүжилтийн нэг жишээ юм. Гэхдээ энэ нь хангалттай биш. Тэтгэврийн сан, амьдралын даатгал зэрэг урт хугацааны бүтээгдэхүүнүүд нь ирээдүйд урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох боломжтой. Энэ нь орон сууцны зээл, дэд бүтцийн төслүүд зэрэг урт хугацааны хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Манай компанийн нийгэмд үлдээхийг хүсэж буй хамгийн том мөр бол Монголын санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах явдал байж болох юм. Энэ нь зөвхөн манай компанид хамаатай бус, нийт салбарын хөгжилд чухал ач холбогдолтой. Ирээдүйд Монголд урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, санхүүгийн салбарыг төрөлжүүлэхэд манай компани тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Хэрвээ “Нэйшнл Лайф” байхгүй байсан бол Монголын нийгэмд ямар хоосон орон зай үүсэх байсан бол?
- Монголд хоосон орон зай байна. Үүнийг дүүргэх гээд явж байна. Ганц манайх биш. Хэд хэдэн компаниуд гарч ирж байна. Тэтгэврийн хууль яригдаж байна. Иргэдийн хувьд ч гэсэн тодорхой хугацааны дараа даатгалыг хүмүүс бүрэн ойлгоод ирэхээр ямар ач холбогдолтой үйлчилгээ болохыг мэдрэхээр тэр орон зай дүүрэх байх. Хүн мэдэхгүй зүйлээ санадаг ч үгүй, бас хүсдэггүй. Мэдээд эсвэл алга болчихсоных дараа хэрэгтэй зүйл байж дээ гэж хүсэмжилнэ, бас авахыг хүсдэг. Нийгэмдээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэр сайн ойлгуулж чадна, тэрний дараа л хоосон орон зай нь мэдрэгдэх байх.
-“Даатгал хэрэггүй” гэж бодож явсаар нэг л өдөр харамсдаг хүмүүст та юу хэлэх вэ?
-Заримдаа би ч ийм тохиолдолд ордог. Бүх даатгалыг нь авч чадахгүйгээс асуудал үүсдэг. Ямар ч хамгаалалтгүй, эрсдэлтэй шууд нүүр тулна. Ер нь өөрийнхөө өдөр тутмын амьдралдаа өөртөө дүгнэлт хиймээр юм шиг санагддаг. Амь насны хувьд, эрүүл мэнд гэх зэргээр аминд чухал гэсэн зүйлүүдээ дэс дараалалд оруулж бодмоор юм шиг байгаа юм. Бид мөнх юм шиг амьдардаг. Өдөр тутмын үйл хөдлөл, эрүүл мэнддээ ч тэр хайнга ханддаг. Миний эрүүл мэнд, хэв маягийн цаана надаас хамааралтай ямар хүмүүс аж төрж байгаа билээ гэж бодох ёстой. Өнөөдөр би өвдөөд хэвтчихвэл, магадгүй байхгүй болчихвол надаас хамааралтай хэдэн хүн байна. Энэ хүмүүст хүсэл эрмэлзэл, зорилго, мөрөөдөл байна уу. Би байхгүй болчихвол мөрөөдөл нь биелэх үү. Өр шир байна уу. Бага насны хүүхэд байна уу. Өнөөдөр хүүхэд сургуульд явахад хүртэл хэцүү болчихоод байна. Хувийн сургуульд мөнгө төлнө, үргэлжлүүлээд их дээд сургуульд сурна. Орон сууцны үнэ “тэнгэрт” хадчихлаа. Үе үед байсан боломжууд ирээдүйд олж авахад хүнд нийгэмд бид амьдарч байгаа. Таны ар гэр, үр хүүхдүүд энэ нийгэмд амьдрахад бэлэн үү гэдгийг бодох л хэрэгтэй.
-Энэ ярилцлагыг уншсан хүн яг нэг зүйлийг ойлгоосой гэвэл тэр нь юу байх вэ?
-Эрсдэл шүү дээ. Бид ямар нийгэмд, ямар орчинд гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа билээ. Ирээдүйд маш өрсөлдөөнтэй, бидний төсөөллөөс огт өөр нийгэмд амьдарна. Олон ажил мэргэжил байхгүй болно. AI бидний амьдралд хэрэгтэй зүйл. Гэхдээ бидний өмнө ойлгодог байсан тэр амьдрал төсөөлөмгүй өөр болж байна. Бид хүссэн хүсээгүй үр хүүхдээ залаад явж байгаа шүү дээ. Энэ л өнцгөөс аливаа зүйлийг бодож сэтгээсэй гэж зөвлөж байна.
-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.
Сэтгүүлч П.Түмэндэмбэрэл
Сэтгэгдэл ( 0 )