У.Хүрэлсүхийн хүн гэгддэг генерал Ц.Тогоо дахиад л төрөөс юм горьдож явна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 02


Л.Болд сүүлийн өдрүүдэд их л бухимдалтай байх шиг байна. Түүнийг цэргийн зэвсэглэлээ сайжруулах гэсэн биш баахан хуучин загварын онгоцуудыг Оросоос авах боллоо хэмээн шүүмжлэгсэд тасраагүй. Бас байлдааны хуучин нисэх онгоцуудыг нь хэсэг хүмүүс төмрийн хогонд Хятад руу ачуулах гэж дураараа авирлан Орост үйлдвэрлэгдсэн Миг загварын онгоцны моторыг айлын хашаанд бөөнөөр нь овоолчихсон хэрэг мандсан. Дараа нь Ми-8 загварын байлдааны нисдэг тэргүүдийг нь Буриадаас мэргэжилтнүүд ирээд гэв гэнэт  засварлаад унасан гэж байгаа. Уг нь манайд мэргэжлийн засварчид нь байдаг л юм гэсэн. Гэвч тэднийгээ ажиллуулахыг Жанжин штабын эрхмүүд нь хүсээгүй ажээ. Бодвол Буриад улсын цэргийн түшмэдтэй сэм тохироо хийсэн юм байлгүй дээ. Цэргийнхний иймэрхүү дур зоргоороо авирлах нь үүгээр дууссангүй. Хэнтий аймгийн нутагт Хагийн хар нуур гэж бий.  Байгалийн тансаг бүрдсэн ёстой л диваажин гэмээр газар даа. Тэнд өнөөх Ми-8 загварын нисдэг тэргүүдээ аваачаад хувийн компаниудад хямд хөлсөөр нислэг хийж үйлчилдэг бяцхан “мафиуд” ч гараад ирсэн дуулдана. Энэ мэт завбараагүйтлийг  Л.Болд хазаарлах гээд хүч хүрэхгүй байх шиг байна. Ядаж байхад яр гэгчээр мань хүн яамныхаа төрийн нарийн бичгийн дарга генерал Борбаатарыг тэтгэвэрт нь гаргаад оронд нь хүн томилуулах гэтэл Төрийн албаны зөвлөлийнхөн хөдөлж өгдөггүй гэнэ. Өөдөөс нь Жанжин штабын дарга байсан генерал Ц.Тогоог авбал ав гээд тулгадаг сурагтай.  Ц.Тогоо бол цэргийнхний дунд нэр хүндээр тэгтлээ доош орчихоогүй ч бас но-той эр гэх яриа Батлан хамгаалах яамаар тэнүүчилж яваа ажээ. Энэ эрхэм нэлээд хэдэн жилийн өмнө Батлан хамгаалахын их сургуулийн дэд захирал байхдаа сургуулийнхаа диплом, суралцах эрхийн бичгийн арилжаа хийсэн асуудлаар албан тушаалаас хусагдаж, удалгүй хурандаа цолтойгоор тэтгэвэрт гарсан байна. Ингээд одоогийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын үүсгэн байгуулсан нэгэн дээд сургуульд захирал, багш зэрэг ажлыг хийж байжээ. Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн ойрын хүн гэх юм билээ, түүнийг. Ардын намд олон жил хүчин зүтгэсэн тул Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед тэтгэврийн хурандаа маань нэг л өдөр генерал болж Зэвсэгт хүчний жанжин штабыг толгойлох болсон байв. Эр хүний аз шовойх гэгч энэ болов уу. Нөгөөтэйгүүр Ардын намынх нь буян биз. Харин тэр энэ албаа орхин дахиж тэтгэвэр гараад хоёр жил гаруй болж байгаа. Тэгтэл бас л төрөөс юм горьдож яваа ажээ. Одоо тэр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга болохгүй л бол амьдарч чадахаа больж гэнэ ээ. Л.Болдын түүнд дургүйцэх нь аргагүй хэмээн учрыг мэдэх хүмүүс хэлж байна. Ер нь Ардын намынхан сав л хийвэл энд тэнд иймэрхүү шахааны хүмүүсээ шургуулах гэж улайрахыг яана. Тэгээд ч Батлан хамгаалах яам хэн дуртай нь очиж байдаг, юу ч хамаагүй аваачаад овоолж хаядаг хогийн цэг биш баймаар юм. 

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэ(59.153.114.102) 2019 оны 02 сарын 01

Солиор

0  |  1
Top