“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар хамтран уран бүтээл туурвиж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэд хамтын бүтээлийн эхлэл болгож Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээнд “Монголын нууц товчоо” дуугаа дуулсан. Энэ дуугаа саяхан дүрсжүүлэн ямар уран бүтээл туурвиж байгаагаа эхний ээлжид тайлагнаад амжсан. Ах дүү уран бүтээлчдийн хамтран гаргаж буй цомог удахгүй худалдаанд гарах гэнэ. Энэ цомог нь 13 дуунаас бүрдэж байгаа бөгөөд Монголын нэр бүхий алдартай хөгжмийн зохиолч, яруу найрагчидтай хамтран ажилласан байна. Эх орон, Монгол бахархал, үндсэрхэг үзэл “нэвт шингэсэн” цомгоо худалдаанд гаргасны дараагаар ах дүү гурван уран бүтээлч тоглолт хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Ирэх есдүгээр сард болох тус тоглолтод гурван дуучин өөр өөрсдийн хит уран бүтээл болон хамтарсан дуугаа ч дуулах юм. Одоогоор тоглолтыг Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр ярилцаж байгаа аж. Шинэ цомгийн бичлэгийг “New Star” студид хийлгэсэн бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Ажнай” компани ажиллаж байна.
А.Аюурзана
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )