Уран гарын Х.Сувдаа буюу Цаг хугацаанд үл бүдгэрэх СОНГОДОГ ГОО ЗҮЙ

 

Хөгжим судлаач

Мөнхтөмөрийн МӨНГӨНСҮХ

“УРАН ГАРЫН Х.СУВДАА” буюу

ЦАГ ХУГАЦААНД ҮЛ БҮДГЭРЭХ СОНГОДОГ ГОО ЗҮЙ

Бүжгийн галбиршлын хөдөлгөөнд шингэсэн гоо сайхан, багшийн нүдээр нээгдсэн авьяас чадвар, шавь нарт өвлөгдөх Монголын бүжгийн урлаг

...Зарим хүнийг харахад цаг хугацаа өнгөрч буйг мэдэрдэг. Харин зарим хүнийг харахад цаг хугацаа хүний дотоод төлөвшлийн гоо сайхан, ур чадвар, стиль имижийг өөрчилж чаддаггүй гэдгийг ойлгодог.  Хүний гоо сайхан гэдэг зөвхөн нүдэнд харагдах төрхөөр үл хязгаарлагдана. Зарим хүний гоо сайхан хөдөлгөөнд нь, заримынх нь харцанд, заримынх нь биеэ авч яваа байдалд нь шингэсэн байдаг бол харин сонгодог бүжгийн гоо зүй түүний бүхий л төрхөнд нь шингэсэн байж...

Өчигдөрхөн Улаанбаатар театрын тайзнаа бүтээгдсэн «Уран гарын Сувдаа» хүндэтгэл-ёслолын тоглолтыг үзээд надад яг ийм мэдрэмж төрсөн билээ.

Нэгэн цагт Хөгжим бүжгийн сургуульд хамт багшилж явсан Х.Сувдаа багшийг тайзан дээр харахад миний мэдэх түүний сонгодог-монгол бүжгийн дэг жаягт шингэсэн төрх нь олон жил өнгөрсөн ч урьдын адил огт өөрчлөгдөөгүйгээр үл барам   тайзны сахилга дэг, урлаж буй хөдөлгөөн, гүйцэтгэлийн үйлдлээрээ хүний бие махбодод урлаг хэрхэн шингэж, яаж  илэрч болдог тухай бодол төрсөн хэрэг.

 

 

Бие галбиршлын сонгодог дэг жаяг

Сонгодог балетын гоо зүйг зөвхөн бүжигчний залуу нас, биеийн уян хатан чанар, тайзан дээрх гоёмсог төрхөөр хэмжих боломжгүй. Түүний үндэс нь өд шиг хөнгөн хөдөлгөөний нарийн хяналт, биеийн тэнхлэг, тэнцвэржилт, суналт, байрлал хоорондын уялдаа холбоос, хөгжмийн хэмнэлтэй нийцсэн мэдрэмж зэрэгт оршино. Бүжигчний бие гэдэг олон жилийн дасгал сургуулилалтаар “тодорхой нэг хэл”-ээр ярьж сурдаг объект юм.  Хөлийн подъёмоос өлмий хүртэл үргэлжлэх шугаман чиг, гарын байрлал, бугуйн хотойлт, хурууны үзүүрийн хөдөлгөөн зэрэг нь тус тусдаа харагдаж байгаа шинж боловч тэдгээр нь нийлж нэгдэхээрээ бүжигчний хөдөлгөөний бүхэл бүтэн дэг соёлыг бүрдүүлэгчид болдог. Хөдөлгөөн хичнээн хөнгөн, чөлөөтэй харагдана, түүний цаана олон удаагийн дасгал сургуулилтын үр дүн төдий чинээ ихээр нуугдаж байдаг.

Балетын бүжигчнийг «өд шиг хөнгөн» хэмээн тодорхойлдог нь учиртай. Тэрхүү хөнгөн чанар бол өөрийн хүч хөдөлмөрийг  урлагийн хэлээр, бүжгийн галбиршлаар хувиргаж, үзэгчдэд мэдрэгдэхгүй шахам болтол төгөлдөржүүлсний илэрхийлэл юм.

Х.Сувдаагийн “Уран гар” бүжигт үзүүлэх гарын хотойлт, бугуй, хурууны уян налархай байдал, бие сэтгэлийн хөдөлгөөнөөс нь ажихад сонгодог бүжгийн сургуулилтаар төлөвшсөн хөдөлгөөний соёлын нэгэн тод илрэл байлаа.

Хөгжмийн фраз, бүжгийн хөдөлгөөний нийлмэгшлийн илэрхийлэл

Хөгжимд орших аялгуу, хэмнэл, фраз, амьсгаа, өрнөл, анирдал хэмээх ойлголтуудыг  бүжгийн урлагт орон зайн хэмжээсээр агаарт үзүүлэх хөдөлгөөний шугам, хэмнэл, шилжилт, биеийн хэллэг болгон хувиргадаг нь тун сонирхолтой.

Бүжиг гэдэг нь зөвхөн хөгжмийн аялгуу хэмнэлд тохируулж үзүүлдэг хөдөлгөөн бус харин хөгжмийн дотоод өрнөл, илэрхийллийн өгүүлэмжийг биеийн хөдөлгөөнөөр илэрхийлж, чихэнд сонсогдох аялгууг нүдэнд харагдах дүрслэл болгон хувиргах увидастай урлаг юм. Үүний нэгэн адил бүжигчний гар ч мөн хөдөлгөөнийг чимэх төдий хэрэгсэл биш харин гарын байрлал, бугуйн нугалаа, хурууны хөдөлгөөн, биеийн бусад хэсэгтэй нэгдэн үүсч буй нийлмэгшил нь сэтгэл хөдлөл, дүрслэлийн шинжийг илэрхийлэгч хэрэгсэл болдог. Энэ талаас нь харвал «Уран гар» хэмээх нэр өөрөө урлагийн тухай нэгэн чухал санааг агуулсан байж мэдэх юм. Гар бол бүжгийн дүрслэлийн салшгүй хэсэг бөгөөд  хүний дотоод мэдрэмж, сэтгэл хөдлөлийг илэрхийлэхээс гадна бүжгийн хөдөлгөөнд хэлбэршил, утгажуулалт, гоо сайхны нандин чанарыг өгдөг ажээ.

Сонгодог балет ба Монгол бүжгийн хөдөлгөөний гоо зүй

Сонгодог балет болон Монгол бүжиг нь өөр өөрийн түүх, дэг сургалтын арга барил, хөдөлгөөний хэллэг, гоо зүйн зарчимтай. Гэсэн ч биеийн хөдөлгөөнөөр утга илэрхийлж уялдуулах, гарын хөдөлгөөнөөр дүрслэл бүтээж таашаах зэрэг асуудлаар харьцуулан судлах боломжтой юм.

Сонгодог балетад онцгой байр суурийг эзэлдэг Порт-де-бра (фр. Port de bras: гарын хөдөлгөөн, байрлал, шилжилтийг уялдаа холбоотой, уран сайхнаар гүйцэтгэх арга) нь биеийн бусад хэсгээс тусгаар оршихгүй, харин биеийн тэнхлэг, толгойн эргэлт, харц, хөгжмийн фразтай нэгдэн хөдөлгөөний илэрхийллийг бүтээдэг чухал бүрэлдэхүүн юм. 

Харин Монгол бүжгийн бий биелгээний хувьд мөр, цээж, бугуй, сарвуу, хурууны хөдөлгөөн, биеийн ганхалт чичиргээ, хэмнэлт давтамж зэргээр ахуй амьдрал, байгаль, хүний сэтгэл хөдлөлийн утгыг агуулсан гоо зүйг бүрдүүлэх онцгой боломжийг олгодог. Тиймээс сонгодог болон монгол бүжгийн чиглэлүүдийн аль алинд нь төлөвшсөн ур чадвар хамгаас чухал учраас үүнийг ижил техник гэж үзэлгүйгээр, өөр өөр уламжлалын хүрээнд “биеийн хөдөлгөөн хэрхэн урлагийн хэл болж байгаа”-г харьцуулан ойлгож болно.

Багшийн нүдээр олж харсан «Уран гар»

Х.Сувдаа багш Украин улсын Киев хотын Балетын сургуульд бүжигчний мэргэжлээр бэлтгэгдэн суралцаж байсан бөгөөд бэртлийн улмаас бүжигчний мэргэжлээ үргэлжлүүлэх боломжгүй болсон ч гэлээ бүжгийн урлагаас холдоогүй юм. Монголдоо эргэн ирснийхээ дараа Хөгжим бүжгийн дунд сургуульд бүжгийн урлагийн домог болсон багш Б.Жав, Монгол Улсын Ардын багш, Гавьяат жүжигчин, бүжиг дэглээч, Г.Долгорсүрэн нарын удирдлага дор сурч ажиллан бүжгийн багш болох ирээдүйн замналаа эхлүүлсэн байдаг. Энэ түүхийн хамгийн сонирхолтой санагдсан хэсэг бол Х.Сувдаагийн гарын онцлогийг Г.Долгорсүрэн багш олж харсан явдал юм. Хүний биеийн онцлогийг анзаарах, түүний дотор урлагийн илэрхийлэл болж чадах шинжийг таних нь багшийн мэргэжлийн мэдрэмжийн нэг хэсэг. Сувдаагийн гарын хотойлт, хурууны уян налархай хөдөлгөөн, хөлийн подъём нь багшийн нүдэнд зүгээр нэг төрөлхийн онцлог бус, бүжгийн хэлээр илэрхийлж болох гоо зүйн боломж болж харагдсан болов уу. Ийнхүү Сувдаагийн гарын өвөрмөц шинжээс сэдэвлэн «Уран гар» бүжиг бүтсэн нь хүний биеийн онцлогийг урлагийн дүрслэл болгон нээсэн сонирхолтой жишээ юм.

 Багш хүний гярхай нүд, бүжигчний хөдөлгөөний уян хатан чанар, бүжиг дэглээчийн уран сэтгэмж гурав нэгэн цэгт огтлолцох тэр л  мөчид гоо сайхныг танин барих үнэ цэнтэй илрэлийг  урлагийн хэлд хөрвүүлэн буулгасан нь гайхамшигтай.

 

 

Урлагийн өв шавь нараар үргэлжилдэг

Өнөөдөр Х.Сувдаа багшийн  бүжгийн урлагт зориулсан 40 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээр монголын ирээдүйн бүжгийн салбар зургаан зуу гаруй мэргэжилтнээр хүрээгээ тэлж байгаа нь зөвхөн тоон үзүүлэлт биш юм. Тэдгээр хүүхдүүдэд бүжгийн хөдөлгөөний суурь, биеэ эзэмдэх дадал, хэмнэлийн мэдрэмж, тайзны соёл, гоо сайхныг мэдрэх чадварын аль нэг хэсэг нь үлдсэн байх боломжтой юм.  Мэдээж шавь бүрийн замнал өөр өөр хэдий ч багшийн заасан хөдөлгөөн, шаардсан сахилга бат, үлгэрлэсэн хандлага нь сургалтын танхимаас цааш амьдралын талбарт үргэлжлэх нь үнэ цэнтэй.

Бүжгийн багшийн ажлын үр дүнг зөвхөн өөрөө хэр сайн бүжиглэдгээр нь хэмжихэд биш, багшийн эзэмшсэн хөдөлгөөний соёл, мэргэжлийн шаардлага, урлагийн тухай ойлголтыг дараагийн үедээ хэрхэн дамжуулж үлдээснээрээ үнэлэгддэг учиртай. Энэ утгаараа Х.Сувдаагийн олон жилийн багшлах хөдөлмөр нь түүний тайзан дээрх ур чадвараас дутахааргүй чухал өв мөн болно.

Урлагийн өв гэдэг зөвхөн тайзны бичлэг, гэрэл зураг, тоглолтын хөтөлбөрт үлддэг зүйл огтхон ч биш харин Багшийн заасан эрдэм ухааныг шавь нарын бие сэтгэл, ой санамж, үйл хэрэг хэрхэн илэрхийлж чадсанаар урлагийн амьдралын үргэлжлэл явагддаг.

 

 

Миний л мэдэх тэр Х.Сувдаа

Өчигдрийн тоглолтын дараа хамгийн тод үлдсэн зүйл бол Сувдаагийн тайзан дээрх биеэ авч явах байдал, хөдөлгөөний цэгц, сонгодог дэг жаяг, өөртөө итгэлтэй атлаа даруухан төрхийг харахад олон жилийн өмнө таньж мэдсэн тэр хүн минь хэвээрээ байгааг мэдэрсэн мэдрэмж байлаа.

Хөгжим судлаачийн хувьд хүний дотор урлаг хэрхэн амьдарч, оршиж, үнэлэгдэж байдгийн жинхэнэ гоо зүй үүнд л оршдог хэмээн бодохын сацуу заримдаа амьдралын онцгой нэгэн мөчид хүний дотор ямар их хөдөлмөр, ямар их тэсвэр тэвчээр, ямар үнэ цэнтэй ертөнц оршиж байдгийг дахин мэдрэхдээ өөрийн эрхгүй хайр хүрч билээ. Энэ бол бидний нөхөрлөлийн хувьд миний бахархал, судлаачийн хувьд миний олж харсан үнэ цэн, бас чамд зориулан хэлэхийг хүссэн хамгийн чин сэтгэлийн үг юм.

   Чи бол Бүжгийг зөвхөн заадаг багш бус, гоо зүйг төлөвшүүлэгч  “Уран гарын Х.Сувдаа”  юм даа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Анхбаяр  (202.179.18.32)  13 минутын өмнө

Та минь үнэхээр гоо зүйн мэдрэмжтэй ,уран тансаг найруулж бичжээ.Миний мундаг эгч шүү

0  |  0
Top