Жил бүрийн аравдугаар сард тэмдэглэдэг “Дэлхийн балетын өдөр” өнөөдөр буюу аравдугаар сарын 29-нд тохиож байна.
Энэхүү өдөр нь балетын урлагийн гоо үзэсгэлэн, түүх, соёлын өвийг олон нийтэд таниулахын зэрэгцээ балетын бүжигчид, багш нар болон тайзны ард ажилладаг уран бүтээлчдийн хөдөлмөрийг онцлон харуулах зорилготой юм.
Балет нь хөгжим, бүжиг, жүжиглэлт, биеийн уян хатан байдал, сэтгэл хөдлөлийн илэрхийллийг нэгтгэсэн сонгодог урлагийн өвөрмөц төрөл билээ. Бүжигчид олон жилийн турш тасралтгүй бэлтгэл сургуулилт хийж, биеийн хүч, тэсвэр тэвчээр, хөдөлгөөний нарийвчлалаа хөгжүүлэн, тайзнаа дүр бүтээдэг.
Балетын урлаг Европт, тэр дундаа Италийн Сэргэн мандалтын үеэс эхлэлтэй бөгөөд Францад хөгжиж, улмаар Орос болон дэлхийн бусад оронд өргөн дэлгэрсэн түүхтэй. Өдгөө балет нь улс орнуудын соёлын өв, урлагийн хөгжлийг илэрхийлдэг чухал төрөл болжээ.
Дэлхийн балетын өдрийг 2014 оноос эхлэн олон улсын хэмжээнд тэмдэглэж ирсэн бөгөөд энэ үеэр балетын театрууд, уран бүтээлчид бэлтгэл сургуулилт, тайзны арын үйл явц, тоглолтын хэсгүүдээ олон нийтэд хүргэдэг уламжлалтай.
Балетын урлаг нь үгээр илэрхийлэхэд бэрх хүний мэдрэмж, хайр дурлал, баяр гуниг, мөрөөдөл, тэмцлийг хөгжим, хөдөлгөөнөөр амилуулдгаараа онцлог юм.
Сонгодог урлагийн гайхамшиг болсон балетын урлагийг түгээн дэлгэрүүлж буй нийт уран бүтээлчдэд “Дэлхийн балетын өдөр”-ийн мэнд хүргэе!

Сэтгэгдэл ( 0 )