Хүннү их гүрний 2220 жилийн ой, үндэсний хувьсгал, аймгуудын тэгш ой давхацсан энэ жилийн наадам сайхан болж өнгөрлөө. Түрүүлсэн бөхчүүд, морьд, сурчид маань бай шагналынхаа хамтаар хүмүүсийн сонор мялааж, нүд баясгав. Төрийн томчууд ч аймагт орон нутагтаа тухалж, хөдөөгийн зон олонтойгоо нүүр тулж уулзацгаалаа. Аймгуудын наадмаас нэлээд содон болж өнгөрсөн нь Өмнийн говийнх байсан гэдэгтэй санал нийлэх биз. “Говь шанх–4” төвийн бүсийн хурдан морины уралдаан Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод 7-р сарын 28, 29, 30-нд болсон юм. Энэхүү наадмын ерөнхий зохион байгуулагч, ивээн тэтгэгчээр “Ажнай” корпораци ажиллажээ. Корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэд нутгийнхан нь талархаад баршгүй гэцгээж байна. Говь шанхын хурдад айрагдсан зургаан насны 30 морьдын эздийг бүгдийг нь 25 сая төгрөгний үнэтэй “Кама” маркийн ачааны машинаар шагнаж урамшуулсан нь бэл бэнчингээ гайхуулсан гэхээсээ илүү морьдоо сойх нөр их хөдөлмөрийг нь тэнцүүхэн үнэлсэн явдал боллоо. “Ажнай”-н бай шигнал үүгээр дуусаагүй. Түрүүлсэн моринд 10 сая, аман хүзүүнд 7.5 сая, гуравт орсонд нь 5 сая, дөрөв, тавд хурдалсан моринд 4 сая төгрөг нэмж олгожээ. Харин 6-10 дугаар байрт орсон морьдыг мотоциклоор, 11-21 дүгээр байранд орсныг нь майхнаар, 55 хүртэлх бүх морьдыг нэмнээгээр байлсан нь их л содон урамшуулал боллоо гэж наадамчин олон ам булаалдан ярьцгаана. Энэ жил Өмнөговь аймгийн 80 жилийн ой тохиосон болохор арга ч үгүй биз. Тэгш ой тохиосон 11 аймгийн наадмаас “Говь шанх-4” төвийн бүсийн хурдан морьдын уралдаан ийнхүү урьд хожид үзэгдээгүй өвөрмөц шагнал урамшуулалтай болсонд харамсалтай нь хар, цагаан атаа жөтөөндөө түүртсэн зарим нь элдэв улгүй үг унагаж яваа бололтой. Мөн “Ажнай”-н шагналыг “өмчлөөд” авчихсан “Би хөдөөгийнхний амьдралд ойрхоноор нь том оврын нүүрсний машин авч өгсөн дөө” гээд хэнэгч үгүй ахлах нэгэн ч байна. УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан Өмнөговь аймгийнх. Тэр Д.Бат-Эрдэнэтэй дотно нөхөрлөдөг ч ийнхүү найзынхаа бай шагналыг зээлдэх хэрэггүй л байсан болов уу. Нутгийнхан нь тэртээ тэргүй хэн нь хамаг хөрөнгө мөнгөө гаргаж машин авч өгөв гэдгийг мэдэхтэйгээ байгаа болов уу. Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэдэг. Бас хүний юмаар хүүдэгнэв ч гэлцдэг. Аль аль нь Ц.Баярсайханд хамаараад байх шиг.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )