Монголд жил бүрийн наймдугаар сарын 8-ныг Аавуудын баяр болгон тэмдэглэдэг болсоор нэлээд хэдэн жил боллоо. Энэ баярыг германчууд тавдугаар сарын 17, АНУ, Канадад зургадугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт, Эстонд 11 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн ням гарагт тус тус тэмдэглэдэг байна. Аавуудын баяртай холбогдуулан хамгийн сонирхолтой аавуудыг танилцуулъя.
Энэтхэгийн иргэн 90 настай Нану Рам Жоги дэлхийн хамгийн настай аавын байр суурийг олон жилийн турш эзэлж байсан. Харин саяхан тус улсын иргэн
Рамажит Рагхав 94 насандаа анхны үрээ өлгийдөн авснаар энэ байр суурийг нь булаажээ. Насан туршдаа үр хүүхэдтэй болж чадаагүй явсан түүнд бурхан Викарамжит хүүг нь илгээжээ. Түүний эхнэр Шакунтале Деви 54 настайдаа хүүгээ төрүүлсэн байна. Дашрамд дурдахад, энэ өвөрмөц хос ирэх жил дахиад охин төрүүлэх бодолтой байгаа гэсэн. Энэтхэг өвгөн өөрийгөө сэтгэцийн өвчтэй гэж үзэн, эргэн тойрны хүмүүст бие хаагаа сайхан хэмээн гайхуулж явдаг аж. Тэрбээр нэгэн цагт тамирчин, бөх явсан гэдэг. Үүнээс гадна Рамажит Рагхав тодорхой дэглэмийн дагуу хооллож, өдөр бүр шинэ сүү уун, самар, тос бага хэмжээгээр хэрэглэдэг байна. Тэрбээр өөрийгөө 100 гарсан гэдэг ч тэтгэврийн сангийнхны мэдээлснээр 94 настай гэнэ. Үүнээс гадна тэр үнэхээр хүүгийн төрсөн эцэг мөн үү, биш үү гэсэн асуудал гарч ирнэ. Хүмүүс түүний эхнэрийг өөр хүнтэй яваад хүүхэд олсон хэмээн ярьцгаадаг. Гэсэн ч эцэг тогтоох шинжилгээгээр Викарамжит үнэхээр Рамажит Рагхавын төрсөн хүү болох нь тогтоогджээ.
Британийн сургуулийн сурагч Элфи Пэттэн хамгийн залуу ааваар шалгарчээ. Тэрбээр 13-тай, харин найз охин Шанталь Стейдман нь 15 настайдаа эрүүл саруул охин төрүүлсэн байна. Британийн “Sun” сонинд бичсэнээр залуу аав 13-тай бус, 11 настай юм шиг жижигхэн биетэй гэнэ. Түүний өндөр ердөө 130 см. Залуу аавыг төрөх тасагт очиход эмч нар охиныг нь тэврүүлсэнгүй. Ингээд өвөө нь ачаа авахаас өөр аргагүй болжээ. Энэ мэдээ Их Британи даяар шуугиан тарьсан юм. Ток шоунууд залуу аавыг 26 настайдаа өвөө болвол яах вэ гэсэн асуудал дэвшүүлж байлаа. Дээрх шуугиан Лордуудын танхимд ч хүрч, Консерватив намын тэргүүн Дэвид Кэмерон “Нийгэмд ийм байдал үүсэхээс би маш их сэрэмжилж байна. Ялангуяа, хүүхдүүд шинэ хүн бий болгоод байвал яах вэ” хэмээн мэдэгджээ. Харин хэргийн эзэн ямар ч ажиггүй сууна. Түүнээс “Гэр бүлээ яаж тэжээх вэ”хэмээн сэтгүүлчид асуухад, “Аав заримдаа надад халаасны мөнгө гэж 10 фунт өгдөг. Түүгээрээ л болгоно доо” хэмээн хариулжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )