С.Баяр Засгийн газарт санаархаж, бор шувуу нисгэж эхлэв үү?

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 10

УИХ-ын ээлжит бус чуулганы тов хэзээ зарлагдахыг дэвшилтэт үзэл санаатай хэсэг улс төрчид тэсэн ядан хүлээж буй бололтой. Дэвшилтэт үзэл санаатай гэж зориуд онцолсоны учир гэвэл одоогийн УИХ-ын 76 гишүүний нэлээд хэсэг нь улс төр, эдийн засгийнхаа хэтийн төлвийг олж харах сөхөөгүй, хэт хуучинсаг хүмүүс юм. Энэ бол зөвхөн бичиглээч миний үнэлэмж бас биш. Баабар шиг хэн нэг томоохон захиалагчийн үг бүр ч биш. Монгол эх орноо гэсэн сэтгэлийн галтай иргэдийн маань үнэлгээ юм. Худлаа гэвэл яг одоо гараад гудамжинд алхаж яваа жирийн иргэдээсээ асуугаад үзээрэй. Зарим нь тэднийг хэтэрхий амин хувиа хичээгч, цадахыг мэдэхгүй новшууд гээд нулимна даа.

Ер нь Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахыг хүсч буй иргэд цөөнгүй боллоо. Ардчилсан намын зарим гишүүдээс ч энэ талаар хэлж байна. Тэд “Бүрэн эрхийнх нь хугацаа дуусахад одоо жил хүрэхгүй үлдлээ. Мөрийн хөтөлбөр нь дөнгөж 30 орчим хувьтай биелээд байгаа. Ирэх оны 6 сар хүртэл үлдсэн 70 гаруй хувийг яагаад ч хэрэгжүүлж чадахгүй” гэж байна. Үнэндээ яаж ч чардайгаад цалинг нэг сая төгрөгт хүргэх боломжгүй. Америкийн эдийн засаг санхүү хямарч эхэлсэн. Манай гадаад худалдаа ихэвчлэн доллароор хийгдэж буй тул тэндэхийн уналт нөлөөлнө. Иргэн бүрд 1,5 сая төгрөг өгч бүр ч чадахгүй. Ардын намынханы популист эдгээр амлалтанд хууртаж сонгуульд саналаа өгсөн иргэд маань муу дүн тавихаас аргагүй. Тиймээс дараагийн сонгуульд энэ намыг төдийлөн дэмжихгүй. Ардчилсан нам ч хамтарч засаг байгуулсныхаа шанг хүртэж таарна.  

Оюу толгой, Таван толгойг эдийн засгийн эргэлтэнд орууллаа хэмээн сайрхаж л байна. Оюутолгой монголчуудад үр ашгаа өгөхгүй нь тодорхой боллоо.  Давуу эрхийн хувьцаа нь 80 хувьтайгаар гадаадынхны мэдэлд, үлдсэн 20 хувь нь энгийн хувьцаа. Энэ 20 хувийнх нь 34 хувийг л монголчууд эзэмшихээр болсон байв. Тэгээд энэхүү 34 хувиараа барьцаалаад “Айвенхоу майнз”-аас 1,6 тэрбум доллар зээлээд авчихсан. Үүнийгээ иргэддээ 50 мянга, 21 мянга гэх мэтээр тарааж өглөө. Популизм гэгч нь энэ ажээ. Ийм балай юмыг нь иргэд мэдээд эхэлмэгцээ бухимдахдаа архи аваад уучихдаг биз. Архи гэснээс энэ Засгийн газар, өмнөх нь, түүний өмнөх засаг нь ч монголчуудыг харийнханы захиалгаар архинд донтуулж үгүйрүүлэх хорлонтой ажиллагаа явуулсаар ирсэн юм шиг байна. Өнөөдөр хүн амын маань 46 хувь нь сэтгэцийн асуудалтай, 28 хувь нь архид донтох өвчтэй болсон. Үүнээс гашуун эмгэнэл гэж юу байхав.

Таван толгойг одоо яг Оюу толгойн схемээр балайруулж байна. Энэ талаар эдийн засагч Дашзэвэг, Пүрэвбаатар, Авирмэд, Хурц  зэрэг олон хүн үгээ хэллээ, шүүмжиллээ. Тоох янз алга. Техник эдийн засгийн ямар ч үндэслэлгүйгээр Оюу толгойн гэрээг хийсэн бол Таван толгойг бас ингэж л хийж байна. Өнгөрөгч долоо хоногт Таван толгойгоос дотоодын компаниуд анхныхаа нүүрсийг ачиж аваад Хятад руу зөөж эхэллээ. Үүнийгээ үндэсний  бахархал мэтээр гоёж гоодон ярьцгаав аа, энэ дарга нар. Гэтэл дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ дунджаар тонн нь 250 доллароор зарагдаж байхад манайхан 70 доллароор Хятадад өгч буйгаа том амжилт ухааны юм ярих нь тун сонин. Хотын гэр хорооллын айлууд өвөл нэг тонн нүүрсээ бараг 70 мянгаар худалдаж авдаг. Коксжих нүүрс дэлхийн зах зээл дээр 2015 он гэхэд тонн нь 350 доллар хүрнэ гэсэн  тооцоо байна. Айл өрхийнхөө хэрэглээний нүүрсний үнээр Хятадад өгч байгаа нь эрүүл ухаан лав биш байх. Ийнхүү Хятадын өмнө бөхөлзсөн арилжаанаас манайх тонн тутмаас нь 10-хан долларын ашиг олохоор байгааг бодоод үз л дээ. Ичмээр зүйл гэж үүнийг л хэлэх байх. Мөн Таван толгойн оператор компаниудыг сонгон шалгаруулахдаа Япон, Солонгосыг хассан нь сайн түншийн харилцааг сэвтүүлэхэд хүрлээ. Ядаж УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлсэнгүй, өнөөх  гэрээндээ. Таван толгойн IPO хийх Голдман сакс банк нь өнөөдөр дэлхийн санхүүгийн балансад савалгаа үүсгэчихсэн, Америкийн эдийн засгийг уналт руу чихэж байна. Дэлхийн хэвлэлүүд тус банкыг эдийн засгийн алуурчид үүрлэсэн газар гээд байгаа. Үнэн байх. Энэ мэтчилэн  Таван толгойгоор тоглох алуурчид улам олон болох бололтой. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын гишүүд “Таван толгой” дээр Америк, Хятад, Оросын компаниудад хувь эзэмшүүлэхийг эсэргүүцлээ. Нийт хувьцааны 30 хувийг нь ч юм уу гаргаад, тэдгээр сонирхогч улсуудад өгсөн нь хамаагүй илүү хожоотой гэнэ. Япон, Орос, Америк, Хятад, Солонгос гээд аль дуртай нь манай зааж өгсөн хувьцааг дурын үнээрээ аваад, үлдсэнийг нь бид өөрсдөө арижаалбал харин ч ашигтай байж мэдэх л юм. Энэ мэтээр Таван толгойн гэрээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орохын өмнө, тийшээ очих замдаа бөөн шүүмжлэл, зөрчлийн бай болж байна. Гэрээний төслөө гуч, дөчин удаа  хэлэлцсэн гэсэн. Гэтэл түв түүхий хэвээрээ атал удахгүй баталгаажна, мөнгөөр бороо оруулна гэх нь холгүй юм ярих нь үнэндээ инээдтэй явдал болж байна. 

Манайхан эртнээс хэлцэж ирсэн нэг үг бий шүү дээ. Мордохын хазгай гэж. Анхнаасаа Үндсэн хуулийн бус Засгийн газрыг байгуулсан алдааны үргэлжлэл нь өнөөгийн ийм олон хүнд, булхайтай үйл ажиллагааг дагуулсан гэхээс өөрөөр хэлэх боломжгүй юм. С.Баяр  “Стандарт бус” гэсэн бол Чимэд  гуай “Үндсэн хуулийн бус” гэж нэрлэсэн. Ийм Засгийн газар байгуулсан нь 7 сарын 1-ний хэргийг Ардын намынхан дангаараа үүрэх болмогцоо Ардчилсан намтай хуваалцах, бүх гэм бурууг бусдад нялзаах, мартагнуулах замаар саармагжуулах гэсэн С.Баяр мэтийн хүмүүсийн “дотор” санаа байсан нь одоо бүр тодорхой харагдаж байна. Тиймээс саяхан С.Эрдэнэ гишүүн “Энэ засгийн газрыг огцруулах асуудлыг тавьна” гэлээ. Наадмын өмнөхөн Э.Бат-Үүл гишүүн Ардын намын удирдах зөвлөл нь төрийн үйл ажиллгааг зааж, чиглүүлдэг, эрээ цээргүй оролцдог боллоо гээд Ерөнхий сайд Сү.Батболдыг огцруулах саналаа УИХ-д даргад уламжилсан. Ардчилсан намын ихэнх гишүүд түүнийг дэмжиж байгаа гэнэ. С.Эрдэнэтэй ч санал нийлсэн хүн цөөнгүй. Тэд энэ удаа Засгийн газрын танхимын гишүүдийг нэг нэгээр нь биш, бүрэн бүрэлдэхүүнээр нь хусахаар шийджээ. Огцруулах хангалттай үндэслэл бий. Тиймээс хууль бус Засгийн газрын хоногийн тоо дуусч байгаа юм байна. Үүнийг анзаарсан уу, яасан, сүүлийн үед С.Баяр  үе үе нисгээд байдаг хэдэн бор шувуудаа хотын гудамжаар баахан жиргүүлж эхэллээ. Нөгөөдүүл нь “С.Баяр бол стратегич хүн”, “С.Баяр бол эрүүл саруул биетэй болсон хүн” гэх зэргээр жиргэж байна. Бүр сүүлдээ “С.Баяр төрөл арилжсан”, “С.Баяр бол бурхан” гэх янзтай.  Түүний эрт урьдын олон эхнэрүүдээс бас шувуухайнуудад үг зааж өгдөг дуулдана. Үнэндээ С.Баяртай ч, С.Баяргүй ч үүр цайдаг хорвоо шүү дээ. Сү.Батболд нь огцрох төлөвтэй болоод ирмэгц мань хүн Ардын намаа Ерөнхий сайдын суудалтай нь аваад үлдэх санаа байх шиг л байна, С.Баярын цээжинд. Гэвч одоо болно доо. Харин С.Баяр 7 сарын 1-ний шөнө золиослогдсон таван халуун амины нэхлийг шударгаар шийдүүлэх, онц байдал зарласан үеийн дэг журмыг сахиулж чадаагүйн төлөөх өөрийн хариуцлагаа бусдад наалдуулалгүйгээр хар толгойгоороо даах нь илүү ёс зүйтэй хэрэг болох болов уу. Уг нь “С.Баяр чинь жинхэнэ эр” гэж У.Хүрэлсүх хэлээ биз дээ. Харж л байхаас. Ингэхэд ерөөсөө, хоногийн тоо нь гүйцэж буй Засгийн газартаа урьдчилаад баяртай гэсэн ч болохгүй юм алга. Үүнийг шударга ёс гэхээс өөр юу гэх билээ. Баабарынх шиг захиалгын зохиомол шударга ёс биш шүү. Жинхэнэ ориг шударга ёс.   

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top