Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга асан Б.Хурцыг Английн шүүхээс Герман руу шилжүүлэхээр шийдвэрлэснээс хойш түүний талаар янз бүрийн мэдээллүүд цацагдаж байна. Тэр бараг бүтэн жил шахам Английн шоронд хоригдож буй. Ер нь 2010 оны 8 дугаар сараас Б.Хурцыг Английн тал идэвхтэй сонирхож эхэлсэн бололтой. Зарим эх сурвалжууд бүр 2008 оноос гэж байна. Гэхдээ аль нь ч байсан тэр төрийн тусгай үүрэг гүйцэтгэж явсан хүн. Долоон жил гаруйн өмнө талийгаач С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Дамирангийн Энхбатыг Франц, Бельги, Германаар дамжуулан хулгайлж авчирсан юм. Түүнтэй хамт манай тагнуулын байгууллагын гурван ажилтан хамт явсан юм байна лээ. Тухайн үед Тагнуулын ерөнхий газрын даргаар Батсайхан гэдэг хүн ажиллаж байлаа. Харьцангуй нас залуу, өндөр боловсролтой дарга байсан гэдэг. С.Зориг агсны хэргийн талаар бодит мэдээлэл өгсөн, хэргийг илчилсэн хүнийг 500 сая төгрөгөөр шагнаж урамшуулна хэмээн эрх баригч МАХН-ын удирдлагууд албан ёсоор зарлаж, үүгээрээ сонгуулийн гол Пи Ар-аа хийж байсан юм. Өнөөгийн өндөрлөгөөс харахад энэ нь нэг талаар шударга иргэн бүрд тэрхүү аймшигт аллагын эздийг олохыг уриалсан мэт боловч хэзээ нэгэн цагт зарим асуудлын халхавч болгох зорилготой байсан юм болов уу даа. Халхавч гэдэг нь ухаандаа 500 сая төгрөгийн төлөө Дамирангийн Энхбатыг ятгаж, болохгүй болохоор нь эрүүдэн шүүж, АК бууны бөгсөөр ухаан алдтал нь цохиж, хоолой руу нь мэдээ алдуулагч шингэн цацаж, элэгний архаг үрэвсэлтэйг нь мэдсээр атлаа элэг рүү нь хүчтэй нударч, балбаж байгаад хүчээр хэрэг хүлээлгэх гэж оролдсон. Байцаагч нар нь түүнд С.Зоригийг алсан гэж хэлээд 500 сая төгрөг авахыг зөвлөж байсан юм. Энэ бүхэн одоо хүн бүрийн хамгийн сайн мэддэг үнэн зүйл болоод байна. Д.Энхбатыг эцэст нь шоронд санаатайгаар алах зорилготой байсан тухай түүний өмгөөлөгч Л.Санжаасүрэн хурандаа сэтгэл шимшрүүлэн ярьж байлаа. Л.Санжаасүрэн хурандаа Д.Энхбатыг өмгөөлснийхөө төлөө шоронд орсноо одоо ч ойлгохгүй яваа гэдэг.
Харин Б.Хурцыг Английн тусгай албаныханд баригдсаны дараа Гадаад хэргийн яамны ажилтан Монхоон телевизээр мэдээлэл хийхдээ “Д.Энхбатыг С.Зоригийн хэрэгт зохиомлоор холбогдуулан баривчилж авчрах үүргийн тэр үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Энхбаяр өгсөн. Үүнийг нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди огт мэдээгүй” гэж байв. Монхооны энэ мэдэгдэл олныг чихийг ёстой дэлдийлгэж орхисон доо. Н.Энхбаяр дараа нь “Хэрвээ Гадаад харилцааны яам ийм зүйл ярьж байгаа бол бас л улсын нууц задруулж буй хэрэг” гэсэн юм. Хэний үүрэг даалгавраар Б.Хурц нарын хүмүүс Д.Энхбатад зохиомол хэрэг үүсгэн Европын холбооны улсуудаас хулгайгаар авчрав гэдэг нь улсын нууцад хамаарах ёстой юм бол тэдгээр тагнуулын ажилтнууд, тэдэнд тусалж байсан хүмүүсийн нэр ус одоо ч нууц хэвээрээ байх байлаа. Гэхдээ нууцалж чадаагүй нууц байсан байж бас болох юм. Хүний эрхийг илтэд зөрчиж буй бол нууцыг задлахаас аргагүй байдал үүсч болно. Бүх юмыг нууцаар халхавчилж бас болохгүй. Тиймээс ч Л.Санжаасүрэн гуай 18 сар шоронд хоригдох ял эдэлж гараад өөрийн болон Д.Энхбатын алдагдсан эрхийг сэргээлгэхээр хөөцөлдсөн. Одоо ч тэр нь бүтээгүй байна. Б.Хурцыг харин Англид баривчлагдсаны дараахан “Түүнтэй хамт Д.Энхбатыг хулгайлж авчирсан гурван хүний нэрийг би мэдэж байгаа” гэсэн юм. Гэхдээ тэр Англи, Франц, Германд очиж энэ тухай тоочоогүй болов уу. Мөнгөнөөс болоод эх орноо худалдах хүн биш байх. Хүмүүс түүний хэвлэлээр ярьсныг мартсан байж магадгүй. Б.Хурц нар Бельгид байсан Цэрэнчимэд гэдэг эмэгтэйд их хэмжээний мөнгө амлан Д.Энхбатыг баривлахад туслалцуулсан байлаа. Ингээд хууль бусаар баривчлах ажил нь шуударсан юм. 2003 оны тавдугаар сарын 14-нд Хавр хот дахь Мак Дональдсын гаднах машины зогсоол дээр Д.Энхбатыг ирүүлэн баривчилсан юм. Энд нэг эмгэнэлтэй зүйл гэвэл Улаанбаатар руу ниссэн онгоцны үйлчлэгч эмэгтэй Д.Энхбатыг ихэд өрөвдөн ус уулгаж байсан тухайгаа хожим ар гэрийнхэнд нь хэлээд удалгүй машины ослоор нас барсан байлаа. Иймэрхүү замаар аль ч улсын тагнуулчид болон мафийнхан гэрчүүдийг устгадаг шүү дээ.
Өөр бас нэг сонирхол татсан үйл явдал Д.Энхбатыг Монголд авчирны дараа болжээ. Монголын хүчний байгууллагынхан хүн хулгайлж, хэд хэдэн улс орны нутаг дэвсгэр дамжуулан авч явсан гэдэг мэдээлэл Олон улсын хүний эрхийн байгууллага, Олон улсын өмгөөлөгчдийн холбооны сонорт хүрч, Франц, Герман, Английн тал эсэргүүцэл үзүүлж эхэлсэн юм. Гэвч Н.Энхбаяр энэ асуудлыг нам жим дарж чаджээ. ХБНГУ-ын Тагнуулын газрын дарга Монголд ихээхэн нууцлаг байдалд айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяртай уулзаад, манай нэр бүхий хүмүүстэй уулзах хүсэлтэй байгаагаа хэлсэн гэдэг. Тэр ч бүү хэл Германы Тагнуулын газрын дарга манай хүчнийхэнтэй уулзаж Д.Энхбатыг хулгайлсан гүйцэтгэх ажилд оролцсон хүмүүсийн нэрсийг гаргаж өгөхийг шаардсан гэдэг мэдээлэл өнөөдөр дэгдэж эхэлжээ. Асуудал хүндэрснийг мэдээд тун болгоомжтой хандаж байсан Н.Энхбаярын тусламжтайгаар Германы Тагнуулын газрын дарга Д.Энхбатыг баривчлах үйл ажиллагаанд оролцсон ажилтнуудын нэрийг олж авсан гэдэг яриа ч гарчихаад байна. Үнэн худлыг бүү мэд. Гэхдээ л дээрээс өгсөн үүрэг даалгавар биелүүлж, Д.Энхбатыг баривчлах үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийн нэр гадны тагнуулынхны гарт байж байгаа гэдэг нь тодорхой болжээ. Тэгэхээр Б.Хурцын эргэн тойронд асуултын тэмдэгтээгээр үлдсэн бүхэн улсын нууц уу, эсвэл увайгаа алдсан Н.Энхбаяр мэтийн улс төрчдийн нууц уу.
Саяхан хуульч О.Алтангэрэл гэгч нь “Улс төрийн тойм” сонинд өгүүлэл бичсэн байна. Тэрээр Б.Хурцын асуудал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх гээд байгаа мэтээр бичжээ. Англи улс түүнд бодлогоор ял тулгахыг хичээсэн. Ер нь манай газрын доорхи баялаг руу илүү анхаарч байгаа. Үүндээ Б.Хурцыг барьцаа болгосон байж болох мэтээр өгүүлэхдээ Оюу толгойд ажиллаж буй Рио Тинто, Хөрөнгийн бирж зэрэгтэй холбохыг оролджээ. Үгүй ээ, арай биш юм аа. Рио Тинто шиг дэлхийд гайхамшигтай компани байхгүй гээд л Ч.Сайханбилэгээс өгсүүлээд олон улс төрчид тэдний төлөө зүтгэсэн биз дээ. Мөн Ерөнхий сайдаасаа эхлээд л Лондонгийн хөрөнгийн биржээс өөр манайд тус болж чадах байгууллага алга ухааны юм ярьцгаагаад байсан биш билүү. Одоо яахаараа Б.Хурцыг барьцаалаад Англичууд өөрсдөө гүйж ирэн бидэнд санаа бодлоо тулгасан мэтээр ярих болов. Тэгж ярих юм бол Б.Хурц нарт үүрэг өгч явуулсан хүмүүс чинь тэдний гараар “могой барьж” НҮБ-ын хүний эрхийн болон бусад актуудаас 20 гаруй заалтыг нь бүдүүлгээр зөрчсөн юм шүү дээ. Олон улсын тавцанд Монголынхоо нэрийг гутаах зүйлийг тухайн үеийн эрх баригчид буюу Н.Энхбаяр хийсэн гэдэгтээ одоо хэн ч маргахгүй. Гэтэл Н.Энхбаяр улс төрийн өндөрлөг рүү ухаан жолоогүй мацаж байна. Энэ нь ч тун учиртай. Тэр гэнэтхэн хэнтэй ч зүйрлэшгүй эх оронч болчихсон, харсан хүн болгоноо шахуу олигархи, луйварчингаар нь дуудаад сууж байна. Яс юманд дээрээ тулж ярихад хүрвэл Монголын улс төрийн системийг бүхэлд нь олигархижуулах ажлыг түүний удардаж байсан, одоо бас дарга нь болчихоод байгаа МАХН-ынхан хийсэн юм. Тэд УИХ-ын нэг бүрэн эрхийн хугацааг л Ардчилсан намд өгч, бусад бүх он жилүүдэд төр засгийн толгойд суусан даа. Гэтэл одоо Н.Энхбаяр шилдэг эх оронч болчихож гэнэ. “Адгийн амьтаны сүүлчийн хоргодох газар нь эх орон ч яриа” гэсэн Л.Толстойн үг юутай үнэн бэ.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )