“Зоос” банкны дуулиант хэрэг прокурорт шилжээд нэлээд хэдэн сар болсон билээ. Банкны зээл, мөнгөн гүйлгээг будлиантуулсан зэрэг хэд хэдэн үндэслэлээр тус банкны захирал Ш.Чуданжи, ТУЗ-ын дарга Батбаяр нарыг “Ганц худаг”-т урьдчилан хорьж шалгаж байсан юм. Мөн тэдний үйлдэлтэй холбогдуулан өөр хэд хэдэн албан тушаалтаныг мөрдөн шалгасан гэдэг. Мөн Өнгөрөгч хавар банкны хохирогчид нь прокурор болон Улсын мөрдөн байцаах газарт гомдол гаргасан байв. Хэргийн материалтай танилцсан прокурорууд харин саяхан энэ хэргийг мөрдөн байцаалтанд буцаажээ. Хохирогчдын гомдолд гол нь Засгийн газар өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн шийдвэр гаргаж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8,2-т заасан “Нийгэмчлэх шийдвэрийг гагцхүү УИХ гаргах эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлийг гаргаж тавьсан байлаа. Ийм хууль бус шийдвэрийг гаргахад Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж буруутай хэмээн хохирогчид үзсэн тул тийнхүү дахин мөрдөн шалгахаар болсон байна. Ингэж “Зоос” банкны хохирогчид эрх ашгаа хамгаалахаар холбоо байгуулан ажиллаж байгаа бөгөөд Л.Пүрэвдоржоос гадна Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэнг бас бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн шалгахаар болоод байгаа ажээ.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )