Ц.Шинэбаяр МАХН-аас гарч яг харагдаач

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 12


Өчигдөр нэгэн хэвлэлийн хурал боллоо. УИХ-ын гишүүн “Хамуг Монгол” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ц.Шинэбаяр МАХН-ын дэд дарга хэвээрээ байгаа гэж МАХН-ын Хяналт ёс зүйн зөвлөлийн хороон дарга Г.Давааням мэдээлэл  хийлээ. “Хамуг Монгол” хөдөлгөөнийг байгуулахдаа УИХ-ын гишүүн МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр “Би МАХН гэсэн нэрээ авах зорилготой байсан. Одоо энэ зорилгоо биелүүлсэн болохоор МАХН-ын дэд даргын суудлаас татгалзаж байна. Намын дарга Н.Энхбаяр бид хоёрын дунд муудалцаж хагараад хонь чоно мэт болсон зүйлгүй” хэмээсэн. Үүний дараагаар МАХН-ын Ёс зүйн зөвлөлийн хорооноос Ц.Шинэбаяр гишүүн дэд дарга хэвээрээ байгаа. МАХН-ын шинээр орох гэж буй байранд өөрийн өрөөгөө тохижуулсан. Хэрэв намын даргаас татгалзахдаа хүрвэл уг хүсэлтээ өөрөө албан ёсоор бичгээр үйлдэж МАХН-ын бага хурлаар хэлэлцэж шийдүүлэх ёстой. Гэтэл тухайн үед Ц.Шинэбаяр гишүүн эмчилгээ хийлгэж байсан учир намын бага хуралд оролцож чадаагүй гэх.   Гэвч энэ нь мэргэжлийн түвшинд сайтар найруулсан улстөр гэгчийг утгаар нь хийж байгаагийн  илрэл бололтой. Хэдийгээр МАХН нэрээ өөрчлөн  МАН болсон ч  хуучин нэрээрээ бууриа сахин үлдэж  Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нарыг дагаад МАХН-ын гишүүн хэвээр үлдэнэ гэх үнэнч гишүүд МАХН-д олон бий хэмээн Н.Энхбаяр тэргүүтнүүд хэлдэг. Энэ нь үнэний хувьтай гэдэг нь МАН-ын удирдлагуудын хэлж байсан үгнээс харахад илэрхий. МАХН-ын нэрийг Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр тэргүүтнүүдэд дахин олгох боломжтой хэмээн Монгол Улсын дээд шүүх шийдвэр гаргасан даруйд МАХН-ын дарга Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “энэ МАХН бол цоо шинээр байгуулагдаж байгаа нам шүү” цөөн хэдэн гишүүд МАХН-нд дагаар орсон. Тэдгээр гишүүдийн хүслийг МАН хүндэтгэн үзнэ. Харин та бүхэн бүү эндүүрээрэй гэж тайлбар хийж байсан. Гэвч энэ нь гишүүдээ алдах айдсын илрэл байсан бололтой. Үүний дараагаар МАН-ын гишүүд орон нутагт идэвхитэй ажиллаж бараг айл бүрт орж намын батлахаа гардуулж манай намд  гишүүд улам их нэмэгдэж байгаа гэх утга бүхий  PR-ийг хийсэн. “ Унгаагүй бол сэвэх хэрэггүй” гэгчээр гишүүдээ МАХН-д алдаж сүйд болоогүй бол намын батлахаа айлын гэрт очиж гарт нь атгуулах зэргээр хөл алдах шаардлага юунд байв гэж. МАХН-ын Хяналт ёс зүйн зөвлөлийн хорооны хэвлэлийн хурлын үеэр яригдсан нэгэн сонирхолтой зүйл бий. Юу гэхээр олон нийтийн дунд тархаад байгаа сөрөг мэдээлэлтэй холбогдуулж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг намын нөхөд нь хэвлэлийнхэнд тайлбар хийхийг хүссэн ч экс ерөнхийлөгч энэ удаад татгалзсан юм гэнэ. Үүний цаана их учир бий гэх. МАН-ын гишүүдээс хэсэг бүлэг хүмүүс шинээр нэрээ авсан МАХН-д дагалдан орсон боловч төрийн эрх барьж байгаа хоёр намыг цаашид нам дарахын тулд олон нийтийн хүч ус агаар шиг хэрэгтэй. Харин олон нийтийн хүчийг нэгэн цул болгохын тулд УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр МАХН-ыг ард түмэнтэй холбох гүүр болох. Үүний гол шалтгаан нь МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг хүн улстөрчийнхөө үүднээс Монгол улсад, ард түмэнд ямар хэрэгтэй зүйл хийсэн бол. Сайн нь давах уу муу нь илүү юү гэхээр хуучин хамтран зүтгэж байсан нөхөд нь тодруулж хэлбэл ХЗДХ сайд Ц.Нямдорж нэгэн үе телевизүүдээр захиалгат гэсэн дардас бүхий нэвтрүүлэгээр түүнийг их л онцгүй хүн болох тухай ярьж түүнд нуруугаа харуулж “хөрөөдөж” суусан тал бий. Нөгөө талаар намын даргаас эхлээд ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгч асан хүн үндэсний үзлийг дэлгэрүүлнэ гэж яриад үндэсний, үндсэрхэг үзэлтэй гэх хөдөлгөөний залуустай нийлээд явах нь тааламжгүй байх нь мэдээж. Энэ мэтээр явсаар цорын ганц үнэн юу гэхээр МАХН Ц.Шинэбаяр гишүүнийг тавиад явуулах дургүй байгаадаа ч бус. Эсэргээрээ Ц.Шинэбаяр гишүүн МАХН-аас татгалзаад байгаадаа ч бус их л сайн зохион байгуулалттай улстөрийн тоглоомын том тойрог үүсгээд байна. Тус тоглоомын тойрогт нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайд явсан Үндэсний шинэ намыг үүсгэн байгуулагч М.Энхсайхан нарын хүмүүстэй МАХН хамтран зүтгэх болж буй. Эцсийн зорилго юу гэхээр өнөөгийн төр барьж буй хоёр намыг  бут цохих. Тэд энэ зорилгодоо хүрэхийн тулд санаа нийлж зам нэгдэж байгаа. Гэвч дундаасаа эвдэрчихгүй бол санасандаа хүрсэн цагт тэдний зам бас л хоёр салаа. Учир нь Н.Энхбаярт хэн нэгний дор байх хүсэл сонирхол байхгүй. Тэр үргэлж хаан байхыг хүснэ. М.Энхсайхан мөн л адил.  Гэвч эдний хэлээд байгаа үнэн зүйл бас бий. Өнөө “нэг хөнжилд орж хөлөрч” байгаа хоёр намын УИХ дахь гишүүд үндсэн хуульд гар хүрээд дордохын долоон өөрчлөлтийг дээрдүүлэх бус өөрсдийн ашиг сонирхолд тааруулан янзлах гэж байгаа гэх. Тэгэхээр шинээр улс төрийн сөрөг хүч болж бүрэлдэж буй МАХН-ын гол асуудал шууд харахад Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр хоёр зөрөлдөөд бие биендээ нуруугаа харуулаад ч байгаа юм шиг. Эсвэл туньж эвлэрээд байгаа ч юм шиг харагдавч үнэн хэрэгтээ намынхаа бодлогыг тэртээх манж чин улсын бодлогоор явуулж байна уу гэлтэй. МАН гэдэг “зөөхийг” дотроос нь өтүүлж эрчимтэй идэж байна. Тодруулж хэлбэл МАХН-ын орон нутагт идэвхитэй үйл ажиллагаа явуулж аймаг, сумдын иргэдийн нийтийн хурал. Мөн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өөрийн бүлэгтэй болох ажлыг эрчимтэй хийж байна. Энэ үйл ажиллагааг нь МАН яаж тэвчээд суух вэ. МАХН-ын үйл ажиллагаанд цагдаа, тагнуулын байгууллагыг шургуулсан тохиолдол гарчээ. Энэ талаар баримт мэдээллийг шаардлагатай бол олон нийтэд ил болгох тухай хэлж байлаа. Бодит байдал нэг ийм л байна. Мартсанаас мал мэнд үү гэгчээр Н.Энхбаяр гуай таныг ерөнхий сайд байхад хэн танд 500 сая төгрөгийн хахууль өгье гэж санал болгож байсан юм бэ. Энэ тухайгаа ил цагаан хэлчих тэгвэл шударга хүний шинж шүү дээ.  

Б.Алтансүх

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top