Эрхэм гишүүд сэрдэггүй юм байх даа

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 16

Сонгуулийн хууль, Таван толгойн асуудал гээд л олон зүйл эрхэм гишүүдийг хүлээж байгаа ч тэд сэрэх шинжгүй. Үнэндээ тэд нам унтчихаад сэрж чадахгүй байгаа юм биш урт удаан амралт зугаалга, найр наадмаасаа салж чадахгүй л яваа бололтой. УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах болов уу гэсэн хүлээлт байгаа ч одоогоор тодорхойгүй л байна. Тиймээс л иргэд “Эрхэм гишүүд нойрноосоо сэрдэггүй юм байх даа. Шил шилээ дарсан олон асуудал тэднийг хүлээж байна шүү дээ” хэмээн халаглах болов. Ийн яригсдыг “Төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр юунд ингэж бухимддаг байна” хэмээн буруутгаж болох ч хуралдахаараа завсарлага авлаа гэсэн үндэслэлээр цаг хугацаа барж, бусад хугацаанд нь хөдөө, гадаадаар аялж явдаг эрхэм гишүүдийг зөвтгөх боломж бас л хомс юм. Өөрсдийгөө төлөөлүүлж, төрд илгээсэн элч нар нь хийж гялайлгасан олигтой зүйлгүй хэрнээ найр наадам хэсэх, өөрийгөө магтах зэрэг үйлд ихэнх цаг хугацаагаа зарцуулаад байх нь сонгогчдод таалагдах хувилбар биш гэдэг нь ойлгомжтой. Үүнийг эрхэм гишүүд маань одоо болтол ухамсарлахгүй яваа юм болов уу. Чихэр боов, архи дарс зэрэгт хууртаж, худал амлалт даган сонголт хийх хэрэггүй гэдгийг ард түмэн хэдийнэ ойлгосон шүү дээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top