Сюрприз дүүрэн мэдээллээр Ерөнхий сайд эрдмийн баярыг угтав

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 01

Дэлхийн стандарт боловсролыг монголд нутагшуулах Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан ажлын эхлэл энэ хичээлийн жилийн онцлог болж байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий боловсролын сургуулиуд энэ жилээс эхлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн стандартаар хичээллэж эхэллээ. Монгол орны боловсролын салбарын шинэчлэлийн том хуудсыг хамтдаа нээсэн энэ жилийн есдүгээр сарын 1 буюу эрдмийн баярыг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд нийслэлийн гэр хорооллын 58 дугаар сургуулийнхантай цугтаа угтлаа. Сурлага, урлаг спортын өндөр амжилтаар ч тус сургуулийнхан энэ хичээлийн жилээ эхлүүлж байгаа аж.

Засгийн газрын тэргүүн тус сургуулийн ёслолын арга хэмжээнд  хэлсэн үгэндээ жил бүрийн хичээлийн шинэ жил өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг , энэ жилийн хувьд эдийн засгийн боломжийг хүн руугаа чиглүүлж ажиллуулах  дөрвөн чухал мэдээлэл байгааг онцоллоо. Нэгдүгээрт Кембрижийн стандарт хэрэгжиж эхэлсэн нь боловсролын салбарт хийгдэж буй томоохон шинэчлэл юм гэдгийг тэмдэглээд, Кембрижийн сургуулийн суралцагчид англи, монгол хос хэлээр сургалтаа явуулж, төгсөгчид нь дэлхийн хэмжээний нэр хүндтэй сургуульд элсэн суралцах эрхтэй болж, монголын боловсролын тогтолцоо олон улсад хүлээн зөвшөөрөгдөж эхэлнэ гэдгийг дурьдлаа.

Ирэх жил нийслэлийн дүүрэг бүрт, бүх аймгийн төвүүдэд Кембрижийн стандартаар хичээллэх сургуулийг байгуулна , харин энэ стандартаар хичээллэх сургуулийн удирдлага, багш нарын гүйцэтгэх үүрэг хариуцлага асар их учраас энэ жилээс эхлэн ЕБС-иудын багшлах боловсон хүчний асуудалд Засгийн газраас  онцгой анхаарах болно гэдгийг тэмдэглэлээ.  2011-2012 оны хичээлийн жилд Монгол улсын Ерөнхий сайд “  Монгол хүүхэд “ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж ажиллахаа мэдэгдсэн нь энэ өдрийн бас нэг шинэ мэдээ байлаа. Уг хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын бүх сурагчдыг эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт үнэ төлбөргүй хамруулах бөгөөд ингэснээр монголын ирээдүйн залуус эрүүл чийрэг өсч торних,   сурах, өрсөлдөх нөхцөл  байдал хангагдана хэмээн үзэж байгаагаа Засгийн газрын тэргүүн дуулгаж байна.

3 дахь сюрприз нь Ерөнхий боловсролын бүх сургуулиудад стандарт хангасан биеийн тамирын заалтай болгоход чиглэсэн бодлогыг энэ хичээлийн жилээс авч хэрэгжүүлэх бөгөөд ирэх гурван жилд ажлыг гүйцэтгэсэн байх зорилтыг тавьж байгаагаа дуулгалаа.  Энэ арга хэмжээний хүрээнд “”Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байна. Энэхүү хөтөлбөр нь хүүхэд багачуудыг спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг монгол хүнийг бий болгоход чиглэгдэж байгааг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ. Мөн энэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн 1-3 ангиудад иргэний боловсролын хичээл заах болсон нь шинэлэг бөгөөд хүүхэд багачуудад эх орноо хайрлаж, бахархан дээдлэх, ахас ихэсээ хүндлэх, үндэсний дархлааг бэхжүүлэх зорилготой хэмээн гүйцэтгэх засаглалын тэргүүн ач холбогдлыг нь үнэлж байна.

Монголын төр, айл өрх, иргэн бүр чамбайлан бэлтгэж  хүндэтгэл ёслолоор дүүрэн тэмдэглэдэг  хичээлийн шинэ жилийн   баярт Засгийн газрын тэргүүн  ийн сюрприз барилаа. Ярьснаа бодит ажил хэрэг болгох эхний алхмыг ч  эхлүүлсэн гэдгээ Ерөнхий сайд нийслэлийн 58 дугаар сургуулийн спорт заалны нээлтэд оролцохдоо харууллаа. Тохилог ариун цэврийн өрөө, халуун устай энэхүү шинэхэн спорт цогцолборыг Ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар УИХ-ын гишүүнийх нь хөрөнгө оруулалтаар босгожээ.

Хөлбөмбөгийн зургаан баг, Үндэсний болоод чөлөөт бөхийн  спортоор амжилт гаргасан олон авьяаслаг сурагчидтай 58 дугаар сургуулийн багачууд Ерөнхий сайдыг сагс тоглож өгөхийг ч  гуйгаад амжсан. Засгийн газрын тэргүүний хүүхэд насны есдүгээр сарын 1-ний дурсамжийг сонирхсон сэтгүүлчийн асуултад тэрбээр хариулахдаа найман настай ахыгаа   дагаж уйлсаар яваад  долоон  настайдаа  нэг ангид хамт орж байсан гэгээн дурсамжаа уудаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top