МУ-ын ерөнхий сайд С.Батболд УИХ-ын нэр бүхий гишүүдийг хүлээн авч уулзлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 08


 

            Оюутолгой ордыг ашиглахтай холбогдуулан байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзаж шаардлага гардууллаа.

            Засгийн газрын 2009 онд байгуулсан гэрээ УИХ-ын 57 дугаар тогтоолын заалтуудыг хангаагүй учир үндэсний эрх ашигт нийцүүлж, 2011 оны 10 дугаар сарын 01-ний дотор зохих өөрчлөлт оруулан, үр дүнг нь УИХ-д ирүүлэхийг гишүүд шаардлагад тусгаснаа Ерөнхий сайдад хэллээ.

            Тухайлбал Оюутолгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоох, эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх тухай тусгажээ.  

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хариу хэлсэн  үгэндээ “Оюутолгой төсөл нь Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой төсөл. Тиймээс ч энэ төсөл хугацаандаа хэрэгжих ёстой, зогсоож болохгүй гэж үзэж байна. Засгийн газрын хувьд Оюутолгой төсөл, түүний гэрээний хэрэгжилтэд анхаарал тавьж ажиллах ёстой. Өмнө нь хувь нийлүүлэгчдийн гэрээнд зарим өөрчлөлт оруулж зээлийн хүүг бууруулах, 34 хувийг ямар ч нөхцөлд буулгахгүй байх болон бусад нөхцлийг сайжруулсан. Цаашид ч гэрээний хэрэгжилтэд сайтар хяналт тавьж, нөхцлийг сайжруулах чиглэлээр хөрөнгө оруулагч талтай ярилцана. УИХ-ын гишүүдийн шаардлагад тусгасан асуудлыг нухацтай судалж, Оюутолгой төслийн  хэрэгжилтийн явцыг УИХ-д танилцуулах болно” гэлээ.

УИХ-ын нэр бүхий гишүүд ч Оюутолгой төслийг зогсоох ёсгүй байр суурьтай байгаагаа энэ үеэр хэлж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top