Дэлхийн хүүхэлдэйчдийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон өнөөдөр /2019.03.21/ “Dreambox” телевизтэй хамтран хэрэгжүүлж буй хүүхдэд зориулсан үндэсний брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилготой “Бүлтээхэй Дэлдээхэй 2” төслөө танилцууллаа. Хэвлэлийн бага хурлын үеэр Монгол Улсын Хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг, “Dreambox” телевизийн захирал Д.Батбаяр нар гарын үсэг зурж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
Монгол Улсын Хүүхэлдэйн театр 2018-2023 он хүртэл “Бүтээлч театр” хөгжлийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оноос эхлэн жүжгийн уран бүтээл дагасан медиа салбараа хөгжүүлэх, үндэсний брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилгоор “Бүлтээхэй Дэлдээхэй 2” төслийг “Dreambox” телевизтэй хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Энэ нь төр, хувийн хэвшлийн түншлэл, хүүхдэд зориулсан соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шинэ хэлбэрийг бий болгож байгаа гэдгээрээ онцлог. “Бүлтээхэй Дэлдээхэй 2” брэндийг 2 ангит хүүхэлдэйн жүжиг, 48 ангит хүүхдийн нэвтрүүлэг, боловсрол, соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аялан тоглолт гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр хөгжүүлэн ажиллахаар төлөвлөжээ.
Тус брэндийн телевизийн нэвтрүүлэг болон хүүхэлдэйн жүжгийн зохиолчоор Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Б.Нацагдорж, Ерөнхий найруулагчаар Монгол Улсын Хүүхэлдэйн театрын найруулагч, Соёлын тэргүүний ажилтан М.Ариунтуяа, хөгжмийн зохиолчоор Б.Сүхбаатар, зураачаар Хүүхэлдэйн театрын зураач С.Энх-Од нар ажиллах аж.
Хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг шинэ төслийн талаар "Хүүхэлдэйн театр байгуулагдаад 70 жилийн нүүрийг үзсэн түүхтэй байгууллага. Хүүхэлдэйн театр 2018-2023 онд театраас бүтээлч театр руу гэсэн уриан дор ажлаа төлөвлөсөн байгаа. Энэхүү хүрээнд “Бүлтээхэй, Дэлдээхэй-2” төслийг дэмжин ажиллахаар болсон “Dream box”-ын хамт олонд баярласан, талархснаа илэрхийлье. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг илүү бүтээлчээр хүүхэд, багачууддаа хүргэхийг бид зорин ажиллаж байна. “Бүлтээхэй, Дэлдээхэй 2” төслийн хувьд дөрвөн хэсэгтээ байгаа. Эхний хэсгийн хувьд тайзны болон театрын бүтээлийг дээрээс нь медиа салбарын хөгжүүлэлтээ анхаарах үүднээс “Dream box”-оор 48 цуврал нэвтрүүлэг, соёлын бүтээлч үйлдвэрлэл буюу хүүхдүүдэд брэнд болгох үүднээс хүүхэлдэй үйлдвэрлэх мөн орон нутгийн аялан тоглолтыг хийхээр зорин ажиллаж байна" гэв.
“Dreambox” телевизийн захирал Д.Батбаяр "Юуны өмнө Хүүхэлдэйн театрынхаа хамт олонд Олон улсын хүүхэлдэйчдийн өдрийн мэнд хүргэе. Бидний зүгээс “Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр” контенттой хамтран ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Бидний зүгээс 48 ангитай телевизийн цуврал нэвтрүүлэг хийгдэнэ. Үүн дээр хүүхдийн контент чиглэлээр мэргэшсэн багтай хамтран санамж бичиг байгуулж байна. Бидний хамтын уран бүтээл үр дүнтэй, сайн уран бүтээл болно гэдэгт итгэлтэй байна" гэв.
Дэлдээхэйн дүрийг бүтээсэн, Хүүхэлдэйн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Гандөш: "Танай сайтын уншигчдад болон хүүхэд,багачууддаа олон улсын хүүхэлдэйчдын өдрийн мэнд хүргэе. Би “Musical” театр, кино урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр төгсөөд, Хүүхэлдэйн театрт 10 дахь жилдээ ажиллаж байна. Найруулагч маань надад итгэж, Дэлдээхэйн дүрийг оноон, нэгдүгээр анги дээр нь ажилласан. Одоо харин “Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр” жүжгийн хоёр дахь анги дээр сонгогдсондоо мөн баяртай байна. Дүрийн судалгаа, уншилтаа хийгээд 80 хувьтай явж байна гэж хэлж болно. Хүүхдүүд манай жүжгийг үзээд миний хэлж байгаа үгийг маш сайн ойлгоосой гэж хүсдэг. Зохиол дээр байгаа жүжгийн хэлэх гэсэн санаа миний үгэн дунд явж байгаа учраас энэ дүрээ хүүхдүүдийн сэтгэлд хүргэчих юмсан гэж эрмэлзэж байна" гэлээ.
"Бүлтээхэй" дүрийг бүтээсэн, Хүүхэлдэйн театрын жүжигчин Э.Билгүүн: "Бяцхан үзэгчдэд юун түрүүнд Олон улсын хүүхэлдэйчдийн баярын мэнд хүргэе. Би Москва хотноо Хүүхэлдэйн жүжигчний ангийг төгсч ирээд театртаа хоёр дахь жилдээ ажиллаж байна. “Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр” жүжиг тавигдана гэдгийг сонсоод би найруулагчдаа Дэлдээхэйн дүр дээр ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Тэр дүрийг гоё гаргаад, хөөрхөн хүүхдүүдэд хүргэчих юмсан гэсэн хүсэлтэй байсан. Бүлтээхэйн хувьд аливаа зүйлд хянуур, бүх зүйлийг муугаар биш эерэгээр зөвөөр хүлээн авч, нэг нэгнийгээ ойлгож байгаасай, найзуудаасаа сурах зүйл их байдаг бөгөөд алдаа оноог нь буруугаар биш зөвөөр хүлээж авдаг байгаасай л гэсэн дүр бий дээ. Хүүхдүүд маань ирээд үзвэл илүү сайн ойлгох байх аа" гэв.
“Бүлтээхэй, Дэлдээхэй 2” цуврал хүүхэлдэйн жүжиг 2019 оны тав болон есдүгээр саруудад нээлтээ хийх бол “Dreambox” телевизтэй хамтран бүтээх 48 ангит хүүхдийн нэвтрүүлгийг танин мэдэхүй, боловсрол, ёс суртахуун, хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сэдвээр бэлтгэж 2019 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн долоо хоног бүр үзэгчдэд хүргэхээр ажиллаж байгаа аж.
Тус брэндийн дэмжигчээр БСШУСЯ болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар ажиллахаар болсон байна. Ийнхүү Монгол хүүхэд багачуудын хөгжил, боловсролд хувь нэмрээ оруулах шинэ брэнд бүтээгдэхүүн удахгүй үзэгчдийн хүртээл болно.
Сэтгэгдэл ( 0 )