Конго улсаас Вьетнам руу тээвэрлэж байсан ес орчим тонн зааны соёог Сингапурын гаалийнхан хураан авчээ. Сингапураар дамжуулан тээвэрлэж байсан эдгээр их хэмжээний зааны соёоноос гадна 11.9 тонн панголины хайрсыг хураан авсан байна. Энэ жил тус улс гурав дахь удаагаа ийм төрлийн хууль бус наймааг таслан зогсоогоод байна.
Мод ачсан гэх гурван чингэлэг ачааг Сингапурын гаалийнхан шалгах явцад эдгээр хууль бус ачааг илрүүлжээ.
Гурван зуу орчим зааны яс, соёоны нийт үнэ нь 12.9 сая ам.долларт хүрэх бол хоёр мянга орчим панголины хайрс 35.7 сая ам.доллароор үнэлэгджээ. Панголины хайрсыг соёл, бэлэг дурсгалын зүйлсийг чимэглэх болон уламжлалт анагаах ухаанд өргөнөөр ашигладаг бөгөөд мөн махыг нь хэрэглэдэг байна.
Зөвхөн энэ онд гэхэд Сингапур улс нийт 37.5 тонн гүрвэлийн төрлийн энэ амьтны хайрсыг хураан авсан бол өнгөрсөн дөрвөн сард 117 зааны ясны хууль бус наймааг мөн илрүүлж байжээ.
Африкт жил бүр хэдэн мянган зааныг хууль бусаар агнадаг байна. Зааныг яс, соёогоор хийсэн эд зүйлсийг өнөөг хэр тансагт тооцдог Хятад улс зааны яс, соёоны хамгийн том хэрэглэгч. Соёоноосоо болж өдөр бүр Африкийн 55 заан үхдэг гэж Дэлхийн байгаль хамгаалах сангаас мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )