Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлэх зорилготой "Түмний байр" төсөл амжилттай хэрэгжиж байна. Төслийн нээлтийн үеэр Т.Ундармаа бүсгүйд нэг өрөө байр бэлэглэж байсан бол өнөөдөр (2019.08.30) тэд дахин нэг айлыг орон сууцанд хамруулж, түлхүүр гардууллаа.
“Ханан шишгэд” ХХК-ийн Ерөнхий захирал С.Мөнхбат "Бидний эхлүүлсэн Түмний байр" төсөл маань нээлтээ хийснээс хойш анхныхаа байрыг олгож байна. Манай компани байрны урьдчилгааны 10 хувийг буцалтгүй тусламжаар олгож байгаа бол байртай болж буй иргэд маань 20 хувийг төлж байгаа. Харин ипотекийн зээлийнх нь батлан даалтыг манай “Ханан шишгэд” ХХК гаргах журамтай.
"Түмний байр" төсөл 2024 оныг хүртэл үргэлжилнэ. Төслийн нээлт хийснээс хойш уул уурхайн болон барилгын 30 гаруй компани нэгдлээ. Төсөл үргэлжлэх хугацаанд барилгын компаниудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа. Мөн бусад уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудаа уриалж, илүү олон хүнийг байртай болгохын төлөө хамтарч ажиллах болно. Манай компани гадаад худалдаа, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын чулууг хөндөж, баялгийг олборлож, ашиг олж байгаагийн хувьд нийгмийн өмнө хариуцлага хүлээх ёстой гэж үзэж, “Түмний байр” төслийг эхлүүлсэн. Монголын баялгийн үр шим иргэдэд ч мөн бодитойгоор хүрэх ёстой гэж боддог” гэж ярилаа.
“Ханан шишгэд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтангэрэл “Манай компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд эхлүүлсэн “Түмний байр” төслийн хүрээнд олгож буй байрны эхний эзэд тодорлоо. Ихэнх тохиолдлоос харахад, хүмүүст тулгамдаж байгаа асуудал нь байрны урьдчилгаа байдаг. Тэгэхээр манай компанийн хэрэгжүүлж байгаа "Түмний байр" төсөл иргэдэд урьдчилгаагаа бүрдүүлэхэд дэмжлэг өгөх, цаашлаад ипотекийн зээлд хамрагдахад нь дэмжлэг үзүүлэх бол хамгийн зөв ажил гэж харсан. Иргэдийг орон сууцтай болгосноор агаар орчны бохирдлыг бууруулахад бага ч болтугай нэмэр болно гэж найдаж байгаа” гэв.
“Түмний байр” төслийн хүрээнд орон сууцтай болсон иргэн Б.Баттулга “Бид өөрсдийн гэсэн байртай болохын төлөө олон жил зүтгэсэн. “Түмний байр” төслийн талаарх мэдээллийг аваад хамгийн түрүүнд ирж бүртгүүлж байлаа. Бидний түвшний амьдралтай, найман хувийн ипотекийн зээлд хамрагдаж, байртай болъё бодолтой хүмүүст хамгийн хэрэгтэй төсөл гэж хэлнэ. Бид хоёр яг өөрсдийнхөө хүчээр урьдчилгаа бүрдүүлж, зээлд хамрагдана гэвэл дахиад 4-5 жил хөдөлмөрлөх ёстой байсан. Байртай болох хугацааг энэ хэмжээнд наашлуулж өгсөн “Ханан шишгэд” ХХК-ийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Харин түүний эхнэр Б.Батжаргал “Манай гэр бүл найман жил өөрийн гэсэн орон сууцгүй, байр хөлсөлж амьдардаг байсан. Одоо өөрийн гэсэн орох оронтой болж байгаадаа баяртай байна. “Ханан Шишгэд” компанийн захирал С.Мөнхбат болон “Түмний байр” төслийг хэрэгжүүлж байгаа хамт олонд маш их баярлалаа” гэв.
“Түмний байр” төслийн зорилго нь гэр хороололд оршин суудаг, өөрийн боломж нөхцлөөр орон сууцанд орох боломжгүй айл өрхүүдийг орон сууцжуулах юм. Ингэхдээ иргэдийн бүрдүүлэх урьдчилгаа мөнгөнд дэмжлэг үзүүлж, банкны шаардлагад нийцүүлэхийн тулд тодорхой хэмжээнд баталгаа гаргах, тухайн өрхийн ажилгүй иргэнийг ажлын байртай болгох зэргээр бодит дэмжлэг үзүүлэхийг зорьж буй юм.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )