Шинэ Зеландын Засгийн газрын шийдвэрээр өнөөдөр шөнө дундаас эхлээд улс орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмээ нэг шат бууруулахаар боллоо.
Тус улсын Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 26-ны өдөр улс орон даяар дэглэмийн нөхцөлөө дөрөвдүгээр түвшинд хүргэж чангаруулсан юм. Харин өнөө шөнөөс эхлээд онцгой дэглэмийн түвшин гурав болж буурах ажээ.
Ингэснээр зарим нутагт хөл хорионы дэглэм буурч, бүх шатны боловсролын байгууллагын ажиллагаа сэргэх, амралт, үзвэрийн газрууд нээгдэх боломжтой болох юм. Гэхдээ хурим, оршуулга зэрэг олон хүн оролцох боломжтой арга хэмжээнд оролцогчдын дээд хязгаарыг 10 хүн дотор барина. Түүнчлэн мод бэлтгэл, үйлдвэр, барилгын ажлыг гүйцэтгэхдээ бригадад багтах хүмүүсийн тоог гурав болгож тогтоожээ.
Хэдийгээр Шинэ Зеланд улсад халдварын тохиолдол буурч, дэглэмийн түвшнийг бууруулж байгаа ч анхаарлаа сулруулахгүй, аль болох олон хүнд шинжилгээ явуулна гэдгээ тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Жонс Хопкинсийн их сургуулийн дата мэдээллээр тус улсад коронавирусний халдвартай 1469 хүн оношлогдож, 19 хүн эндээд байна.
Эх сурвалж: CNN