Хандивын 30 мянган хонины тухай кино хийнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 11

Хятад улсад цар тахлын гамшиг нүүрлэсэн хүнд хэцүү үед Монгол Улсаас хандив тусламж болгон өгсөн 30 мянган хонины тухай хятадууд баримтат кино хийхээр болжээ. Хятадын талаас энэхүү баримтат киноны зураг авалтыг эхлүүлж байгаагаа зарласан албан ёсны арга хэмжээ энэ сарын 10-нд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд боллоо.

Баримтат киног БНХАУ-ын Хэпин /Peace international/ компанийн захирал Д.Энхбаяр санаачилсан байна. Д.Энхбаяр нь ӨМӨЗО-ны Алшаа аймгийн уугуул, алдартай хөгжмийн зохиолч,  продюсер юм. Киноны зохиолыг Шан Шүэ Вэнь, Жү Шэнь Ли нар хамтран бичсэн бөгөөд "Чонон сүлд" киноны туслах найруулагчаар ажилласан Нанжид, найруулагч Чин Жао нар найруулахаар болжээ.

Мал тарга хүчээ сэлбэж дуусдаг намрын сард энэхүү 30 мянган хонийг Хятад улсад нийлүүлэхээр тохирсон байна. Гурван бүлэг, 45 минутын хэмжээтэй энэ баримтат кино аравдугаар сарын сүүлчээр нээлтээ хийх бөгөөд Монголын 21 аймгийн малчны хотонд зураг авалтыг нь хийх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top