Тусгай нислэгээр ирэх иргэдийг дараах зочид буудлуудад тусгаарлана

2020 оны 08 сарын 24

УОК-ын шийдвэрээр энэ сард 17 удаа тусгай үүргийн нислэг үйлдэн гадаадын улс, орнуудаас иргэдээ татан авахаар болсон. Үүний дагуу өнөө өглөө /2020.08.24/ Япон улсыг зорин ниссэн тусгай үүргийн нислэгийг оруулан тооцвол 13 удаагийн нислэг үйлдээд байгаа юм.

Түүнчлэн энэ сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар, 27-нд Сидней-Улаанбаатар, 30-нд Нурсултан-Улаанбаатар, 31-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгүүд хийгдэнэ.

Эдгээр тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийг дараахь зочид буудал, амралтын газруудад тусгаарлах хуваарь гарсныг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Тухайлбал, энэ сарын 27-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэх иргэд хуваарийн дагуу “Мичид”, “Намуун”, “Тайж”, “Монголика” зочид буудлуудад,

27-ны Сидней-Улаанбаатарын нислэгийн зорчигчид “Зүчи”, “Дрийм” зочид буудлууд болон “Сэлбэ” амралтын газар,

30-ны Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэгсэд “Альфа”, “Хабу”, “Ивээлэн” зочид буудлууд, “Багабаян” амралтын газар,  

31-ны Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд “Кентавр”, “Корпорейт” зочид буудал, “Энхсаран” амралтын газарт тусгаарлагдана.

Мөн өмнөх тусгаарлалтаас суларсан байруудад л дарааллын дагуу дараагийн тусгай үүргийн нислэгийн зорчигчдыг хүлээн авдаг учир “Энэ зочид буудалд тусгаарлагдахгүй, өөр газар байрлана” гэх боломжгүйг УОК-ын Шуурхай штабаас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top