Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор Монгол Улсад орж ирэн, арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн автомашины жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрч, онош батлагдаад байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас яг одоо олон нийтэд шуурхай мэдээлэл өгч байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Тусгаарлалтаас гарсан жолооч болон гэр бүлийн хүнээс нь халдвар илэрсэн. Тэдэнтэй ойрын хавьтлын 24 шинжилгээ авсан. Тэдний хоёроос нь халдвар илэрсэн. Одоо бид энэ хоёр хүн цаашаа хэчнээн хүнд халдвар тараасан эсэхийг судалж байна. Судалгаа хийнэ гэдэг бол цаг хугацаа ордог ажил" хэмээн ярилаа.
Халдвар авсан жолооч нийслэлийн Баянзүрх дүүргийн Дарь-Эхэд хоёр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ суудаг бөгөөд тус айлын хашаанд хадмууд болон хамаатнууд нь мөн хамт амьдардаг байжээ. Халдвартай жолооч Д-гийн хадам ээж болон тэдэнтэй хамт тоглолт үзсэн дүүгээс нь коронавирус илрээд байна. Тэгвэл халдвар авсан нь тогтоогдсон хоёр иргэний ойрын хавьтлын 10 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа талаар Д.Нямхүү захирал хэллээ.