Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор Монгол Улсад орж ирэн, арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн автомашины жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрч, онош батлагдаад байгаа билээ. Халдвар авсан жолооч нийслэлийн Баянзүрх дүүргийн Дарь-Эхэд хоёр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ суудаг бөгөөд тус айлын хашаанд хадмууд болон хамаатнууд нь мөн хамт амьдардаг байжээ. Халдвартай жолооч Д-гийн ээж болон тэдэнтэй хамт тоглолт үзсэн дүүгээс нь коронавирус илрээд байна.
Тэгвэл халдвар авсан нь тогтоогдсон дөрвөн иргэний ойрын хавьтлын 73 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авч эхлээд байгаа юм. Тэдгээр иргэний шинжилгээний хариу өнөөдөр /2020.11.12/ орой гарна гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр мэдээлэл хийх үеэрээ "Коронавирусний халдварын дотооддоо батлагдсан дөрвөн тохиолдолтой байна. Нэг голомтод дөрвөн тохиолдол гарлаа. Хөл хорионы дэглэмийг халдварын нууц үеийн хугацаанд авдаг жишиг дэлхийд байдаг. Энэ зөвлөмжийн дагуу бүх нийтийн бэлэн байдалд орж байна. Халдвар авсан иргэдийн ойрын хавьтлыг 24 цагийн дотор олж тогтоох ёстой. Одоогийн байдлаар 73 хүнийг илрүүлээд байна. Тэднийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авч эхэлсэн. Үүнээс гадна 2000 гаруй дам хавьтагч байна. Тэдний байршлыг тогтоох арга хэмжээг авч байна. Энэ бүх хүний хариу зүгээр гарна гэж хэлэхэд хэцүү. Ойрын хавьтлын 73 хүний шинжилгээний хариу маргааш орой гарна" гэж тодотгов.
Сэтгэгдэл ( 0 )