Халдвартай жолоочтой ойрын хавьтлын 73 иргэний 48-ынх нь ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ гарчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 12

Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор Монгол Улсад орж ирэн, арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн автомашины жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрч, онош батлагдаад байгаа билээ.

Түүнчлэн халдвар авсан жолоочийн ээж болон дүүгээс нь халдвар илэрсэн байдаг. Тэгвэл тэдэнтэй ойрын хавьтагч болох 73 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авч эхлээд байгаа юм. 

Одоогийн байдлаар 73 иргэний 48-ынх нь шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээний хариу нь гарсан 48 иргэнээс нэг хүн коронавирусний халдвар авсан болох нь тогтоогдсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Үлдсэн 25 хүний шинжилгээний хариу удахгүй гарч, албан ёсны мэдээллийг өгөх аж. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусний халдварын шинэ нөхцөл байдлын талаар  "Өнгөрсөн хоногт нийт 644 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 24 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдлын дам хавьтлын 171 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Харин халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн ойрын хавьтал болох 73 хүний 48-ынх нь шинжилгээний хариу гараад байна. Ингэхэд ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрч, иргэн Д-гийн голомтот халдварын батлагдсан тохиолдол тав болж байна. Халдвартай жолоочийн ойрын хавьтлын тандалт судалгаа, шинжилгээний ажил үргэлжилж байгаа. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 56 хүний шинжилгээнээс коронавирусний халдвар илрээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 84 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь хүнд хоёр, хүндэвтэр 10, хөнгөн 72 хүн байна. Нийт батлагдсан 406 тохиолдол бүртгэгдээд байна" гэх мэдээллийг өглөө. 

Top