ШУУРХАЙ: Сэлэнгэ аймгийн Мандал суманд ХАЛДВАР бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21

Халдвар голомтлон тархаад буй Сэлэнгэ аймагт халдварын тохиолдлын тоо өнөөдөр (2020.11.21) таваар нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 58 болоод байна. 

Өмнө нь Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар болон Алтанбулаг сумдад халдварын тохиолдол бүртгэгдээд байсан бол өнөөдөр Мандал сум буюу Зүүнхараа хотод нэмж бүртгэгдэн, халдвар тэлжээ.

Сэлэнгэ аймгийн онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга Ш.Оргил энэ талаар шинэчилсэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт коронавирусний халдвартай нь батлагдсан нийт 58 тохиолдол бүртгэгдлээ. Хамгийн сүүлд өчигдөр шинжилгээнд хамрагдсан иргэдээс таван тохиолдол нэмэгдсэн. Халдварын тохиолдол огцом нэмэгдэж байна, яагаад ийм байна вэ гэсэн бухимдал иргэдийн дунд үүсэж байна. Сэлэнгэ аймагт коронавирусний халдвар нэгэнт тархсан байна. Одоо илрүүлэх, оношлох нь чухал учраас түргэвчилсэн оношлуураар оношилж байна. Халдвар нэгэнт тархсан байсан тул хөл хорьж байж илрүүлэлт хийхгүй бол цааш улам даамжирна. Одоогоор нийт 15450 хүнийг эрт илрүүлгийн оношлуурт хамруулаад байна. Шинжилгээнд хамрагдсан хүмүүс гэрээс битгий гараарай. Нэгдүгээр хавьталд бүртгэгдсэн хүмүүс гэрийн тусгаарлалтад байх ёстой. Үүнээс гадна 1239 иргэнээс PCR шинжилгээ авч, халдвар авсан 58 иргэнийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд халдвар илэрсэн тул сумын Онцгой комиссыг чиглүүлж ажиллах багийг шинээр томиллоо. Тус суманд хөл хорио тогтоон, шуурхай арга хэмжээг үргэлжүүлэн ажиллаж байна" гэлээ.

Засаг дарга Ш.Оргил мөн “Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хамгийн түрүүнд хөл хорионы хатуу дэглэмд шилжиж, иргэд 90 хувийн дэглэмийн гүйцэтгэлтэй байна. Олон ажилтан албан хаагчидтай, ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байгаа Цагдаа, Онцгой, Гааль, Цэргийн ангиуд, Төмөр зам, “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ болон арын албанд ажиллаж байгаа нийт   албан хаагчдыг эрт илрүүлгийн оношилгоонд тогтмол хамруулж байна. Иргэдэд эрүүл мэндийн заавар зөвлөмж өгөх тусгай дугаарын утсуудыг 24 цагаар ажиллуулж байна. Сүхбаатар суманд эмийн сангийн хүргэлтийн үйлчилгээг хувийн хэвшлийн 2 эмийн сангаар дамжуулан 24 цагаар үйлчилж байгаа. Аймгийнхаа 17 сум, 6 тосгоны хүнсний нөөцийг бүрдүүлэх, хангамжийг тасалдуулахгүй байх, аймгийн хэмжээнд өрнүүлж буй “Идэш” арга хэмжээг сум сумандаа хэрхэн зохион байгуулах, сумдад тулгарч буй асуудлуудад гарц шийдэл олох үүднээс 17сумын Онцгой комисстой цахимаар холбогдож, холбогдох үүрэг чиглэлийг өглөө” гэсэн мэдээллийг өгч байна.  


ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, мөн ЗӨСҮТ, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ аймгийн салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн авто лабораторид өчигдөр нийт 3071 сорьцонд шинжилгээ хийхэд 2020.11.21-ний өдрийн 11:00 цагийн байдлаар халдварын 21 тохиолдол нэмэгдэж, дотоод дахь халдварын тоо 142, нийт халдварын тоо 578 боллоо. Нийт батлагдсан 578 тохиолдлоос эдгэрсэн 337, сувилалд тусгаарлагдсан 25, гэрийн ажиглалтад 2, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310, нутаг буцаасан 7 хүн байна.

Тухайлбал, өнөөдөр

 

  • Улаанбаатар хотод - 6
  • Сэлэнгэ аймагт - 5
  • Дорноговь аймагт - 6
  • Орхон аймагт - 5 хүнээс халдвар нэмж илэрлээ. 

Дотоодод голомтлон гарч буй нутаг дэвсгэрт 142 тохиолдол бүртгэгдсэн байршил (2020.11.21-ний 11.00 цагийн байдлаар)

 

  • Улаанбаатар хот - 38
  • Сэлэнгэ аймаг - 58
  • Дорноговь аймаг - 12
  • Орхон аймаг - 16
  • Говьсүмбэр аймаг -1
  • Дархан-Уул аймаг - 16 
Top