“Рапид мед” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгнө үү!

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27

ЭМЯ-ны өнөөдрийн /2020.11.27/ ээлжит хэвлэлийн хурал болж, коронавирусний халдварын нөхцөл байдлын тухай шинэчлэгдсэн мэдээллийг өглөө. 


Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр нийтдээ 18031 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс 26 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Улаанбаатар хотод хоёр тохилдол батлагдсаны нэг нь хүүхэд байгаа бол бариа засал хийлгэсэн гэх иргэний ойрын хавьтлын нэг хүнээс мөн халдвар илэрлээ. 

Нийтдээ нийслэлийн хэмжээнд 65 тохиолдол бүртгэгдсэнээс ойрын хавьтлын 974 хүнд хяналт тавин ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар бид ойрын хавьтлуудыг 15 хоног тусгаарлаж, гурван удаа шинжилгээ авч, гэрийн тусгаарлалтад 105 хүнийг гаргаад байна.

Орон нутгийн тухайд
 

  • Сэлэнгэ аймагт - 9
  • Дархан-Уул аймагт - 11
  • Орхон аймагт -1 
  • Дорноговь аймагт 2 тохиолдол тус бүр шинээр нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд голомтолж гарч байгаа дотоодын халдвар нь 300 тохиолдол болсон байна. ХӨСҮТ-ийн нэг ажилтан шинээр батлагдаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний нийт 11 ажилтан халдвар авлаа. 

Хоёр хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжсэнээр нийт Монгол Улсад 738 тохиолдол батлагдсанаас 347 хүн эдгэрчээ.

Нийт 384 эмчлэгдэж байгаагаас биеийн байдал маш хүнд нэг хүн аппаратад байна. Хүнд хүн тав, хүндэвтэр 72, хөнгөн 306 хүн эмчлэгдэж байна.

Халдварт өвчний нууц үе нь манай улсад 5-7 хоногт эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байна гэсэн судалгаа гарсан.

Ерөнхийдөө бид хавьтлуудыг тогтоон, хяналтад авсан.

Харин сүүлийн голомт нь бариа засал хийлгэснээс үүдсэн халдвар болоод байна.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, "Аманхуур" хорооллын ард байрлах, “Рапид мед” эмнэлэгт арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш бариа засал хийлгэсэн, үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдах хэрэгтэй байна” гэлээ. 

Дотоодод бүртгэгдсэн халдварын тоо 2020.11.27-ны 11:00 цагийн байдлаар
 

  • Улаанбаатарт - 65
  • Дархан-Уул аймагт - 33
  • Дорноговь аймагт - 20
  • Орхон аймагт - 22
  • Говьсүмбэр аймагт - 3
  • Сэлэнгэ аймагт - 157, дотоод дахь нийт халдварын тоо 300 болоод байна. 
     

 

ШУУД ҮЗЭХ
 

Top