Засгийн газар өнөөдөр (2020.11.29) ээлжит бусаар хуралдаж, Улсын Онцгой комиссын санал, шийдвэрийг хэлэлцээд, коронавирусний халдвар бүртгэгдсэн Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай, аймгуудын хөл хориог 2020.12.11 хүртэл дахин 10 хоног сунгах шийдвэр гаргалаа.
Харин бусад аймгуудын хөл хориог сулруулж, Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулан, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр гаргасан УОК-ийн саналыг Засгийн газар дэмжсэн юм.
Сэлэнгэ аймагт халдварын тоо хамгийн их байгаа бол Архангай аймагт өчигдөр шинэ тохиолдол бүртгэгдсэн тулд халдвар авсан иргэний ойрын болон дам хавьтлуудыг тогтоох хэрэгтэй гэж Онцгой комисс үзсэн байна.
Өнөөдрийн байдлаар 7180 гаруй хүн Улаанбаатар хотоос Архангай аймаг руу буцах хүсэлт гаргаад байгаа аж.
Шадар сайд Я.Содбаатар "Архангай аймагт халдвар гарсан буюу эрсдэлтэй хоёр сум байгаа. Батцэнгэл, Ихтамир сум. Тиймээс Архангай аймгийн Улаанбаатар хотоос буцах хүсэлтэй иргэдийг буцаах ажлыг түр хойшлуулах шийдвэр гаргасан. Өвчлөл эрсдэлтэй аймгуудыг ард нь гаргая гэдэг шийд гаргасан. Энэ дагуу Архангай аймгийн иргэдийг харзнаж байж нутаг буцаана" гэсэн тайлбар өглөө.
Өнөөдөр буюу 2020.11.29-ний 11.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 24 тохиолдол нэмж бүртгэгдсэн.
ДОТООД ДАХЬ ХАЛДВАРЫН ТОО - 341 (2020.11.29-ний байдлаар)