СЭЛЭНГЭ I Дөрвөн тохиолдлын нэг нь ЭМНЭЛГИЙН АЖИЛТАН байжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэлээ. (2020.12.04, 11:00 цаг)

Арванхоёрдугаар сарын 3-нд буюу өчигдөр холбогдох лабораториудад 19680 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй ч 600 гаруй хүнд хийсэн халдвар илэрсэн хүмүүсийн хавьтлын сорьцноос 12 хүнд коронавирус илэрчээ. Эдгээр 12 тохиолдол Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хамаарч байгаа бөгөөд Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй юм.

Улаанбаатарт долоон тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрийн тав нь нийслэлд гарч буй халдварын голомттой холбоотой бол хоёр нь ХӨСҮТ-ийн ариутгагч байжээ. Дархан-Уул аймгийн тухайд нэг тохиолдол нэмэгдсэн ба тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлж байна. 

Харин Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдсэний гурав нь гэр бүлийн хавьтлууд бол нэг нь эмнэлгийн ажилтан байжээ. 

Халдвар илэрсэн гэр бүлийн хавьтлын гурван иргэний нэг нь өчигдөр хашаанаасаа зугтсан иргэн Б бол нөгөө хоёр нь түүний дүү Н-ийн хоёр хүүхэд юм. 

Эх сурвалжийн мэдээлснээр, зугтахыг завдсан иргэн Б нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдардаг, 50 гаруй насны хүн бөгөөд түүний дүү Н-ээс арванхоёрдугаар сарын 1-нд коронавирусний халдвар илэрч, батлагдан эмнэлэгт хүргэгдээд байжээ.

Улмаар дүү Н-ийн ойрын хавьтал болох хоёр хүүхэд, ах болох Б нараас шинжилгээ авахад гурван хүний шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарсан юм. Хариу гарсны дараа Аймгийн онцгой комиссын зүгээс холбогдон, эмнэлгийн байгууллагад хүргэх тухай мэдэгдээд, тархварын судалгааны хуудсын асуумж бөглүүлэхээр очжээ. Энэ хооронд иргэн Б "Хашаандаа нойл орчихоод ирье" гэж гараад зугтсан бөгөөд Аймгийн онцгой комиссын зүгээс шуурхай арга хэмжээ авч, цагдаагийн алба хаагчдад мэдэгдсэнээр нэн даруй саатуулсан юм. 

Иргэн Б нь өчигдөр (2020.12.03) 17:52 цагт гэрээсээ гарч зугтаасан ба 22:25 цагт цагдаагийн албан хаагчид түүнийг саатуулжээ.

Иргэн Б “Шинжилгээний хариу сонсоод айсны улмаас зорилгогүйгээр гарч зугтаасан” гэж мэдүүлжээ. Мөн тэрбээр гадуур явах хугацаандаа хүнтэй таараагүй, Сэлэнгэ аймагт суурин амьдардаггүй болохоор газар сайн мэдэхгүй, таньдаг найз нөхөд байхгүй гэж тайлбарласан байна.  

Сэлэнгэ аймгийн тухайд ийн нийт халдварын тоо 193 боллоо. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын төлөөлөгчийн мэдээлснээр Сэлэнгэ аймагт эцэг, эх нь хөл хорионд орсны улмаас 148 хүүхэд хараа хяналтгүй болжээ. Тиймээс эцэг, эх нь тусгаарлагдсан хүүхдүүдийг Түр хамгаалах байр, түр хугацаанд асран хамгаалах боломжтой хамаатан садны хүмүүс дээр байрлуулах ажлыг зохион байгуулж байгаа аж. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд
 

  • Улаанбаатарт - 5
  • Сэлэнгэ аймагт - 4
  • Дархан-Уул аймагт - 1
  • Эрүүл мэндийн ажилтан - 2 хүн халдвар авсан нь тогтоогдлоо.


2020.12.04-ний 11:00 цагийн байдлаар (Дотоодын халдвар 448)
 

  • Улаанбаатар хот - 96
  • Сэлэнгэ аймаг - 193
  • Дархан-Уул аймаг - 45
  • Орхон аймаг - 24
  • Дорноговь аймаг - 21
  • Говьсүмбэр аймаг - 4
  • Архангай  аймаг - 3 тохиолдол бүртгэгдээд байна. 
     

Top