Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн Б коронавирусний халдвартайгаа мэдсэн даруйдаа гэрээсээ оргосон талаар өмнө нь мэдээлсэн.
Зугтахыг завдсан иргэн Б нь 50 гаруй насны иргэн аж. Түүний дүү Н-ээс нь арванхоёрдугаар сарын 1-нд коронавирусний халдвар илэрч, эмнэлэгт хүргэгдээд байжээ.
Улмаар дүү Н-ийн хоёр хүүхэд, ах Б нараас шинжилгээ авахад гурвуулаа халдвартай гарсан байна. Хариу гарсны дараа Аймгийн онцгой комиссын зүгээс холбогдон, эмнэлгийн байгууллагад хүргэх тухай мэдэгджээ.
Гэтэл ах Б нь "Нойл орчихоод ирье" гэж гараад зугтсан бөгөөд Аймгийн онцгой комиссын зүгээс шуурхай арга хэмжээ авч, цагдаагийн алба хаагчдад мэдэгдсэнээр нэн даруй саатуулсан байна.
Иргэн Б нь өчигдөр (2020.12.03) 17:52 цагт гэрээсээ гарч зугтаасан ба 22:25 цагт цагдаагийн албан хаагчид түүнийг саатуулжээ.
Иргэн Б “Шинжилгээний хариу сонсоод айсны улмаас зорилгогүйгээр гарч зугтаасан” гэж мэдүүлжээ. Мөн тэрбээр гадуур явах хугацаандаа хүнтэй таараагүй, Сэлэнгэ аймагт амьдардаггүй болохоор газар сайн мэдэхгүй, таньдаг найз нөхөд байхгүй гэж тайлбарласан байна.
Цагдаагийн алба хаагчид тухайн иргэний гэрийг эхний халдвар батлагдсаны дараа албан ёсоор хамгаалалтад аваад байсан ч иргэн Б хашаанаасаа гарч зугтаасан юм. Иргэн Б-г тусгай багаж ашиглан саатуулсан бөгөөд барьсныхаа дараа хамгаалах хувцас өмсгөжээ.