Эдгэрсэн иргэдийн гэрийн гадна ХАЯГ, ШОШГО наахгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 12 сарын 05

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.12.05/ ээлжит мэдээллээ өгсөн юм. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 20240 хүнд шинжилгээ хийжээ. Ингээд 11 хүнээс халдвар илэрсний гурав нь Улаанбаатар хотоос, Сэлэнгэ аймгаас дөрөв, Дорноговь аймгаас дөрвөн хүн тус тус халдвар батлагдсан тухай мэдээлсэн.

Хурлын дараах асуулт хариултын үеэр коронавирус тусаад эдгэрч гэртээ гарсан иргэдэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариуллаа.  

Тэрбээр “Эдгэрсэн хүмүүсийн тухайд өмнө нь авч хэрэгжүүлж байсан арга хэмжээг үргэлжлүүлж байна. Халдвартын клиникээс тухайн хүнээс вирус илрэхгүй болсон үед нь гаргана. Гарсны дараа 14 хоног сувиллын ажиглалтад байлгадаг. Энэ үед мөн хоёр удаа шинжилгээ авна. Түүний дараа гэрийн ажиглалтад 14 хоногоор гаргаж байгаа. Гэрийн ажиглалтад байх хугацаанд мөн түргэвчилсэн тестээр шинжилгээ авсны үндсэн дээр иргэдийн дунд гаргаж байгаа. Тийм учраас өвдөөд эдгэрсэн хүний гэрийн хаалган дээр хаяг, шошго наах гэсэн асуудал байхгүй. Эдгэрээд гарсан, тэр хүн хяналтаа даваад гарсан, вирус ялгаруулахгүй учраас энгийн ард иргэдийнхээ дунд байж болно” гэлээ.

Top