Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.12.07/ ээлжит мэдээллээ өгч байна.
Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд батлагдсан 38 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн өдрөөс 31 тохиолдлоор илүү байна. Улсын хэмжээнд 323 мянган хүнийг шинжилгээнд хамрууллаа. 2500 эмч эмнэлгийн ажилтан халдвар эсэргүүзцэх үйл ажиллагаа явуулж байна.
Өнөөдөр Уругвай улсын сайн жишгийг танилцуулж байна. Тус улсад хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр хөл хорионы арга хэмжээ зохион байгуулж, хавьтлуудыг тогтоох тусгаарлах, түүнчлэн зорилтот иргэдийг шинжилгээнд хамруулах арга хэмжээг өргөн хүрээгээр авч хэрэглэсэн байна. Энэ орны жишээ бол шинжилгээг хамгийн өргөн хүрээнд хийсэн орнуудын нэг болсон.
Манай улсын тухайд нийтийн тээврийн зорчигч тээвэрлэхэд зорчигч тээвэрлэх зөвлөмжүүдийг сайтар баримтлах шаардлагатай харагдаж байна. Үүний тулд байгууллагын зүгээс эцсийн буудалд ариутгал хийж, агаар сэлгэлт хийсний дараа дараагийн ээлийн зорчигчийг авах шаардлагатай. Мөн оройн ээлжинд бүх ариутгал халдваргүйтлийг хийх ёстой. Автобусны суудалд нэг суудал алгасаж суух бөгөөд 15-аас дээш хүн зөөхгүй байх нь чухал. Автобусанд спиртэн суурьтай гар ариутгагч байрлуулах, автобусны жолооч кондуктор нь халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах, аль болохоор бэлэн мөнгөтэй харьцахаас татгалзах шаардлагатай.
Үйлчлүүлж байгаа иргэд аль болох нийтийн тээврийн хэрэгслээр зорчихоос зайлсхийх, бээлий, амны хаалттай байх, хүн хоорондын зайг зайлшгүй барьж байх хэрэгтэй. Аль болох хүнтэй харьцахгүй, ярихгүй байх нь чухал. Тухайн хүн өөрийгөө хамгаалж байж бид хамтын хүчээр коронавирусний халдвараас сэргийлэх юм” гэлээ.
Мөн тэрбээр, иргэдийн шинжилгээний тухайд 24 цагийн дотор хариу гарч байгаа. Сайт ажиллахгүй байсантай холбоотойгоор хүндрэлүүд гарч байсан байна бөгөөд өчигдөр /2020.12.06/ үдээс хойш вэб сайт ажиллаж эхэлсэн тул цаашид хүндрэл гарах нь багасах байх гэв.