Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсан хэмжээнд долоон халдвар нэмж бүртгэгдсэнээс Улаанбаатар хотоос зургаан тохиолдол гарсан.
Эдгээр зургаагийн дөрөв нь тусгаарлалтад байсан бол хоёр тохиолдол нь гаднаас бүртгэгдсэн юм.
Тодруулбал, “Амгалан” өртөөний гаалийн байцаагч болон түүний том хүү нараас халдвар илэрсэн бөгөөд албаныхан эдгээр хүмүүсийн халдвар замыг төмөр зам дагуух голомт хэмээн үзэж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээллээр, дээрх гаалийн байцаагч нь халдвар авснаа мэдээгүй явсан бөгөөд тэрбээр энэ долоо хоногийн эхээр Өмнөговь аймаг дахь Шивээхүрэн боомтод ажиллахаар томилогдоод байжээ. Ингээд нийслэлээс гарч орон нутаг руу явахын тулд КОВИД-19-ын шинжилгээнд хамрагдсанаар ийнхүү халдвар илэрч, онош батлагдаад байгаа юм.
Одоогоор дээрх иргэний ойрын хавьтлаар гаалийн байцаагчдаас гадна, гаалийн мэдүүлэгч нар, “Амгалан” өртөөнөөс карго авахаар ирсэн иргэд болон тус өртөөний талбайн ажилчид зэрэг 60 гаруй иргэн тогтоогдоод байна.