Иргэд "Амар" зочид буудалд байхдаа ХАЛДВАР АВСАН байж болзошгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 02

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан олон нийтийн дундаас халдвар гарсан тухай болон хавьтлын хүмүүсийг тогтоох, халдвар авсан уг шалтгааныг тогтоох ажил, Ковид-19-халдварын эсрэг хариу арга хэмжээний гол зорилго, үр дүнгийн талаар өнөөдөр (2021.01.02) мэдээлэл хийж, олон нийтийн сонирхсон асуултад хариуллаа. 

Энэ үеэр тэрбээр "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан таван хүн, нэг эрүүл мэндийн ажилтнаас халдвар илэрсэн асуудалд "Франкфуртын нислэгээр ирээд "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан хүмүүсээс халдвар илэрсэн. Иймд тус зочид буудалд тусгаарлагдаж байсан хүмүүсийг өөр зочид буудалд тусгаарласан. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг арванхоёрдугаар сарын 18-нд ирсэн. Үүнээс 14 хоногийн дараа 6-7 хүнд зэрэг халдвар илэрсэн тул тусгаарлагдах хугацаандаа халдвар авсан байж болзошгүй гэж үзэж байгаа. Тиймээс тэнд байсан иргэдийг өөр зочид буудал руу шилжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд "Амар" зочид буудалд халдвар хамгааллын дэглэм алдагдсан уу, дэглэм алдаагүй бол халдвартай хүмүүс ирсэн үү гэдгийг камер шүүж, шалгаж тогтооно. Энэ асуудалд өнөөдрийн байдлаар эцсийн дүгнэлт өгөх боломжгүй" гэсэн хариулт өгөв.

Түүнчлэн "Эрүүл мэндийн яамны ажилтнаас коронавирусийн халдвар илэрч, хөл хориог тогтоосон" гэх мэдээлэлд Улсын Онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Энэ мэдээлэл нь ор үндэслэлгүй. Эрүүл мэндийн яаманд хөл хорио тогтоогоогүй" гэж мэдэгдлээ. 

Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ уншина уу!

 

Top