Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2021.01.07/ ээлжит мэдээллээ өгч байна.
Энэ үеэр ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл "Шинээр илэрсэн тохиолдлууд нь өнгөрсөн өдрийнхөөс 28-аар буурсан үзүүлэлт байна. Улсын хэмжээнд 540 иргэн шинжилгээнд хамрагдсан байна. ЗӨСҮТ-өөс 2360 м.кв талбайд халдварын эцсийн халдваргүйтгэл хийж дууссан. Мөн Өмнөговь аймгийн Гашуунсухайт орчимд уртын тээвэрт явж буй жолооч нарыг шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан байна. Улсын хэмжээнд 4336 хүн коронавирусний талаар мэдээлэл, эрүүл мэндийн зөвлөгөө авсан байна.
Хүн амын дунд эх үүсвэр тодорхойгүй халдвар гарч байна. Тийм учраас бид бүхэн сонор сэрэмж, хариуцлагаа өндөржүүлэх хэрэгтэй байна.
Тиймээс дэлхий нийтэд хэрэгжүүлж байгаа "Гурав байх зарчим"-ыг танилцуулъя.
Нэгдүгээрт, Зайгаа барих зарчим. Гэр орон албан байгууллагад хоёр цаг тутамд агаарын солилцоо оролцуулах, шинж тэмдэгтэй хүнийг тусдаа байлгах, бие биенээсээ зайгаа барьж, гар барин мэндлэхгүй байх.
Хоёрдугаарт, Цэвэр байх зарчим. Хүн бүр өөр өөрийн аяга таваг хувцас хэрэглэлтэй байх. Хүний гар хүрдэг бүх зүйлийг цэвэрлэж, угааж, халдваргүйжүүлэх шаардлагатай. Ариун цэврийн өрөө маш чухал. Тийм учраас айл өрх, албан байгууллага ариун цэврийн өрөөндөө онцгой анхаарч цэвэрлэгээг ойр ойр хийж байх шаардлагатай.
Гуравдугаарт, Сэрэмжтэй байх зарчим. Хүн болгон ӨНДӨР СОНОР СЭРЭМЖТЭЙ байх шаардлагатай байна. Өөрийн болон хамт ажиллаж байгаа хүмүүсийн биеийн байдлыг хянаж байх хэрэгтэй. Хэтэрхий унтамхай болох, халуурах, амт үнэр мэдэхгүй байх зэрэг шинж тэмдгийг ажиглах хэрэгтэй. Мөн гэр орондоо амьсгалын замын халдвартай хүмүүсийг боломжоороо тусгаарлах хэрэгтэй. Урьд урьдынхаасаа илүү бие биедээ анхаарал тавих хэрэгтэй юм.
Хамгийн сүүлд нь "Голомт" банк болон "Ачтан" эмнэлгээр үйлчлүүлсэн бол яаралтай өөрийн харьяаллын цэгт очиж шинжилгээнд хамрагдаарай" гэлээ.