Д.Нарангэрэл: Бид хаанаас ч халдвар авах эрсдэлтэй байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.03.05/ ээлжит мэдээллээ хийлээ. 


Энэ үеэр Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Нийслэл хотын хэмжээнд 20 гаруй бүс өндөр идэвхжилтэй байна. Тиймээс бид хаанаас ч халдвар авах эрсдэлтэй байна. Иймд сүүлийн өдрүүдэд тохиолдлын тоо нэмэгдэж байна. Бидний аюул ард биш өмнө байгаа учраас баяр ёслолын үеэр гэртээ байж, олноороо цуглахгүй байхыг хүсэж байна. Дэлхийн хэмжээнд 6.5-7 сая хүн вакцинд хамрагдаж байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш өвчлөлийн хүндрэл багасаж байгаа. Гэсэн хэдий ч вакцинжуулалтад бүрэн найдах боломжгүй бөгөөд амны хаалтаа зүүх, хүн хоорондын зайгаа барих зэргээр давхар хамгаалах шаардлагатай" гэсэн юм. 

Дархлаажуулалтын үйл явцын талаар ХӨСҮТ-ийн мэргэжилтэн О.Дашпагма "Вакцинжуулалтын үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд 20 цэ.гт 15 432 хүнийг вакцинжуулаад байна. Эрүүл мэндийн салбарын болон цар тахлын хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа онцгой ажил мэргэжлийн хүмүүсийг вакцинжуулж байна. Онцгой салбарын байгууллагууд дүүргийн нэгдсэн эмнэлэгүүдтэйгээ холбогдож, дархлаажуулалтад хамрагдана. Дархлаажуулалтын дараа илрэх урвалууд хэвийн түвшинд байгаа ба толгой өвдөх, дотор муухайрах, тариулсан хэсэгт хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа" гэлээ. 

 

 

Top