АНУ-д коронавирусний халдвараас үүдэлтэй нас баралт 600 мянгад хүрсэн нь 2019 онд хорт хавдрын улмаас нас барсан нийт хүний тоотой тэнцэж байна гэж Жонс Хопкинсын их сургууль мэдээлжээ. Дэлхий хэмжээнд КОВИД-19 нийт 3.8 сая хүний амийг авч одсон.
Тус улсад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард вакцинжуулалт эхэлснээс хойш нэг хоногт бүртгэгдэж буй нас баралт 340 хүрч буурсан. Мөн оны нэгдүгээр сард нэг хоногт 3400 нас баралт бүртгэгдэж байжээ. Өвлийн турш хоногт 250 мянга орчим бүртгэгдэж байсан халдварын шинэ тохиолдол одоогоор 14 мянга орчим болж буураад байна.
Одоогийн байдлаар тус улсын хүн амын 50 гаруй хувь нь нэгдүгээр тунгаа, 40 гаруй хувь нь хоёрдугаар тунгаа хийлгээд байна. Гэвч сүүлийн үед вакцин хийлгэж буй хүмүүсийн тоо эрс буурсан нь Тусгаар тогтнолын өдөр буюу долоодугаар сарын 4 гэхэд насанд хүрсэн хүн амын 70 хувийг вакцинжуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены дэвшүүлсэн зорилт биелэх эсэх нь эргэлзээтэй болгож байна гэж Associated Press агентлаг онцолжээ. Одоогийн байдлаар энэ үзүүлэлт 65 хувь хүрээгүй байна.
Долоо хоногийн өмнө тус улсад хоногт нэг сая орчим тун вакцин хийсэн нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3.3 сая тун хийж байсан дундаж үзүүлэлтээс даруй гурав дахин буураад байна.
АНУ-д коронавирусний халдвараас үүдэлтэй нас баралт анх 2020 оны хоёрдугаар сарын эхээр бүртгэгджээ. Дөрвөн сарын дараа нас баралт 100 мянгад хүрсэн. 2020-2021 оны өвөл нэг сарын дотор нас баралт 300 мянгаас 400 мянга болж өсжээ.
Сэтгэгдэл ( 0 )