Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр коронавирусний халдвараар өвчилсөн хүмүүс гэрээрээ дур мэдэн эмчилгээ хийж болохгүйг анхаарууллаа. Мөн өвчлөлийн хөнгөн хэлбэрээс хүнд хэлбэр рүү хурдан шилжиж байгаа учир хөнгөн байна гээд тоомжиргүй явж болохгүйг анхааруулав.
Коронавирусний халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүд онцгой хяналтад байх хэрэгтэй аж. Гэхдээ ковидын халдвар нь кесарево хагалгаагаар төрөх заалт болохгүй гэлээ. Төрсний дараа эх хүүхдээ хөхүүлж болох ч халдвар хамгааллын дэглэмээ сайн сахих хэрэгтэйг анхааруулж байна.
Монгол Улсад ковидын халдварт өртсөн жирэмсэн эмэгтэйчүүдийг хэвтүүлж эмчлэх тактик барьж байгаа бөгөөд хөдөө сумдад өвчилсөн эмэгтэйчүүдийг аймгийн нэгдсэн эмнэлэгт татаж эмчлэхээр зохицуулалт хийж байгаа ажээ.
Шинж тэмдэггүй ч шинжилгээгээр эерэг гарсан жирэмсэн эмэгтэйчүүдээс асуумж авахад ойрын хэн нэгэн нь халдвар авсан байдаг учир жирэмсэн эмэгтэйчүүд хэнтэй хавьтал болж буйгаа сайн анзаарч байх хэрэгтэй байна.
Мөн зарим хүн дур мэдэн антибиотик хэрэглэсэн байдгийг ЭМЯ-наас анхааруулаад, "Вирусний халдварт антибиотик дур мэдэн хэрэглэж болохгүй. Энэ бол вирусний өвчлөл" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )