Жонни Депп болон Амбер Херд нарт холбогдох шүүх хурал түр хугацаанд завсарлаад байгаа билээ.
Тэд бие биенийхээ эсрэг нэхэмжлэл гаргаад байгаа бөгөөд энэ үеэр тэдэнтэй холбоотой мэдээллүүд олны анхаарлын төвд ороод байна. Шүүх хурлын үеэр Жонни Деппийн өмнө нь харилцаатай байсан бүсгүйчүүдээс мэдүүлэг авах тухай зарласан бөгөөд түүний хайр дурлалын романс хэрхэн өрнөж байсныг хамтдаа сонирхъё.
Лори Алисон
1983 оны Зул сарын баярын өмнөх өдөр 20 настай Жонни Депп 25 настай Лори Алисонтой гэрлэж байжээ. Тэдний гэрлэлт хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд эхнэр нь түүнийг Николас Кэйжтэй танилцуулснаар Жонни Деппийн жүжигчин болох гараа эхэлжээ.
Гэрлэлтээ цуцалсны дараа 1980-аад оны сүүлээр Жонни Депп жүжигчин Шерилин Фенн, Женнифер Грэй нартай болзож байжээ.
Винона Рэйдер
1990 онд Жонни Депп жүжигчин Винона Рэйдертэй сүй тавьсан бөгөөд тавхан сарын дараа гэрлэх санал тавьж байжээ. Тухайн үед Депп 26, Рэйдер дөнгөж 17 настай байсан аж.
Тэд үргэлж нэг нэгнийхээ тухай ярьж, ариун хайраа илэрхийлдэг байсан. Жонни Депп хэлэхдээ "27 жил амьдрахдаа Винонатай өнгөрүүлсэн мөчөөс илүү гарах зүйлтэй таарч байгаагүй. Би түүнд маш их хайртай. Түүнгүйгээр яах байснаа мэдэхгүй байна. Би тэр охинд хайртай. Бүр өөрөөсөө ч илүү хайртай" хэмээсэн байдаг бөгөөд Винонагийн хувьд Жонни Депп анхны гэх тодотголтой бүх зүйлийнх нь эзэн байжээ.
Харамсалтай нь хосууд 1993 онд хоёр тийш болсон. Жоннитой хамтран ажилладаг найруулагч хэлэхдээ "Жонни биш юм шиг л болчихсон байсан. Яг л Винона Жоннигийн бүх зүйлийг аваад явчихсан юм шиг" хэмээн ярьсан байдаг.
Тухайн үед Жонни гар дээрээ "Winona Forever" хэмээн шивүүлж байсан бөгөөд хожмоо "Wino Forever" болгон өөрчилжээ.
Кэйт Мосс
Тэд 1994 онд танилцжээ. Тухайн үед Жонни Депп 31, Кэйт Мосс 20 настай байжээ. Кэйт Мосс хэлэхдээ "Бид танилцаад ярилцаж эхэлсэн тэр үеэс л хамт байх ёстойгоо ойлгосон" хэмээн ярьсан байдаг бөгөөд 1990-ээд оны хамгийн алдартай хосуудын нэг байсан юм.
Гэсэн ч тэдний харилцаа нүднээс далд тун ч тогтворгүй байсан гэдэг. Тухайн оныхоо есдүгээр сард Жонни зочид буудлынхаа өрөөг сүйтгэсэн хэргээр баривчлагдаж байсан бөгөөд Кэйт Мосс ямар нэгэн гэмтэл аваагүй байсан аж. Гэсэн ч дараа нь Жонни Деппээс 10.000 ам.доллар нэхэмжилсэн байдаг бөгөөд 1997 онд тэдний харилцаа дуусгавар болжээ.
Ванесса Парадис
1998 онд тэд кино зураг авалтын үеэр танилцжээ. Харилцаа нь эхэлснээс гурван сарын дараа тэд анхны хүүхдээ олсон бөгөөд үүнээс гурван жилийн дараа хүүтэй болсон байна.
Тэд 14 жил хамт байсан ч хуримаа хийж байгаагүй. Учир нь Жонни Деппийн завгүй цагийн хуваарийн улмаас үргэлж хол байдаг байсан учраас харилцаа нь албан ёсных биш байсан хэмээн тэд тодорхойлдог.
2012 оны зургаадугаар сард тэд хоёр тийш болж буйгаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд тухайн үед Жонни Деппд тун хэцүү байсан тухай тэрээр шүүх хурлын үеэр дурджээ.
Амбер Херд
Тэд 2011 онд мөн л киноны зураг авалтын үеэр танилцан улмаар болзож эхэлжээ. 2015 оны хоёрдугаар сард хувийн арал дээр хуримаа хийсэн бөгөөд 2016 оны дундуур Амбер Херд Жонни Деппээс салах өргөдлөө өгчээ.
Тухайн үед шүүхэд өгч байсан баримтад хавсаргасан гэрэл зургуудийг хэвлэлийнхэн ил болгосон бөгөөд тэдэнд холбогдох шүүх хурал ирэх тавдугаар сар хүртэл түр хугацаанд завсарлаад байна.
Сэтгэгдэл ( 0 )