Жүжигчин Жонни Депп, Амбер Херд нарын шүүх хуралд оролцохын тулд фэнүүд нь ойролцоогоор 30 мянга гаруй ам.доллар зарцуулжээ.
Шүүхийн танхимд хүрэлцэн ирж шүүх хурлын явцыг сонирхохоор ирсэн тэд урдуур суухын тулд багагүй хүчин чармайлт гаргасан гэнэ.
Энэ тухай шүтэн бишрэгчид нь "People" сэтгүүлд ярьсан бөгөөд шүүх танхимын гадаа машинтайгаа буудаллаж, орох өдрөө хүлээх хүртэл ойролцоогоор 30 мянга орчим ам.доллар зарцуулсан тухайгаа дурдсан байна.
Нэгэн фэн нь хэлэхдээ "Би өмнө нь олон нийтийн шүүх хуралд оролцож байгаагүй. Мөн хэзээ ч ийм дараалалд хонож оочерлож үзээгүй. 46 жил амьдрахдаа эдгээр зүйлсийг хэзээ ч хийж байгаагүй" хэмээсэн бол 52 настай Шарон гэх бүсгүй уг шүүх хурлыг үзэхийн тулд далайг гатлах хэрэгтэй болсон гэнэ. Шүүх хурал эхлэх үед тэрээр Англиас ирсэн бөгөөд бүх эд зүйлсээ агуулахдаа хийгээд Америкийг зорьжээ. Одоогийн байдлаар 10 мянган ам.долларыг хэрэглээндээ зарцуулаад байгаа тэрээр хамгийн урд суухын тулд өдөр бүр шөнийн 01.00 цагт шүүх танхимын гадаа ирдэг гэнэ. Бороонд норсон түүнээс хэнийг дэмжиж байгаа тухай нь асуухад "Би энд Жоннигийн төлөө нороод зогсож байна" хэмээн хариулсан байна.
59 настай Иван Де Боер жилд нэг удаа авдаг цалинтай амралтаа аваад уг шүүх хурлыг үзэхээр Лос Анжелесаас ирсэн бөгөөд одоогийн байдлаар 30 мянга гаруй ам.доллар зарцуулаад байгаа гэнэ.
Шүүх хуралд оролцохоор ирсэн хүмүүсийн хувьд мөнгөнөөс илүү энэхүү түүхэн шүүх хуралд оролцох нь чухал хэмээн бодож буйгаа ярьжээ. Дэлхийн хэмжээний одод фенүүдийнхээ урд суугаад өөрсдөдөө болсон бүх зүйлсийг хэдэн өдрийн турш ярихыг харах нь тун ховор аз завшаан хэмээн бодож буйгаа тэд илэрхийлсэн байна.
Виржиниа мужид амьдардаг 40 настай эмч бүсгүй шүүх хуралд таван удаа оролцжээ. Өглөөний 04:00 цагт ирж оочерлосон тэрээр 4 болон 6 настай хүүхдүүдээ хадам ээждээ үлдээгээд гарчээ. 07:30 цагийн үед гэртээ ирж хүүхдүүдээ сургуульд нь өгчхөөд буцан шүүх танхимд ирсэн тэрээр тасалбар авахын тулд нэмэлт ээлжээр ажиллаж эхэлсэн байна.
Хуримынхаа 10 жилийн ойгоор нөхөртөө шүүх хуралд хамт явах санал тавьсан тэрээр "Би нөхрөөсөө хуримын ойн бэлэг болгоод надтай хамт шүүх хуралд явахыг хүссэн ч тэр надад үгүй гэж хэлсэн" хэмээн "People" сэтгүүлд ярьжээ.
Нью Йорк хотноо амьдардаг 43 настай Женнифер мөн л шөнийн 01:00 цагт ирэн оочерлож эхэлсэн бөгөөд шүүх хурлын үеэр төгс харагдахын тулд хувцсандаа ихээхэн анхаарал хандуулсан тухайгаа дурдсан байна. Тэрээр дэлгүүр хэсэж 2200 ам.доллараар хувцас худалдаж авсан бөгөөд хувиараа бизнес эрхэлдэг учир энэ нь тийм ч үнэтэй санагдаагүй тухай ярьсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
T\n