Хөрсний микробиологийн судалгааны хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 01

Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн Микробын нийлэгжлийн лаборатори нь Alliance of International Science Organization буюу Олон Улсын Шинжлэх Ухааны Байгууллагуудын Холбооноос санхүүжилттэй “Экзополимер нийлэгжүүлэгч бичил биетний олон янз байдал, хөрсний эрүүл төлөв байдалд гүйцэтгэх үүргийг Монгол орны хур тунадасны градиентаас хамааруулж судлах нь” сэдэвт хамтарсан төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Тус төсөл 2022-2024 оны хооронд үргэлжлэх бөгөөд Хятадын Шинжлэх Ухааны Академийн Эко-Хүрээлэн буй орчны судалгааны төвийн Хүрээлэн буй орчны биотехнологийн цөм лаборатори, Тайваны Синика Академийн Биологийн Химийн Хүрээлэн, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болон Усны Төвийн судлаачидтай хамтран хөрсний бичил биетний олон янз байдал болон үйл ажиллагааг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан судлах юм.

 

 

Хөрсний бичил биетнүүд хөрсний чанар, үржил шим, эрүүл төлөв байдалд чухал үүрэгтэй бөгөөд уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хөрсний бичил биетний олон янз байдал, үйл ажиллагаа өөрчлөгдөх нөхцөл тулгараад байгаа тул дэлхий даяар эрдэмтэд энэ салбарт ихээхэн анхаарлаа хандуулах болсон. Бичил биетний үйл ажиллагаа, олон янз байдал хөрсний чанараас хэрхэн хамаарч байгаа хамаарлыг судалснаар цаашид хөрсний органик нэгдлийн хуримтлалыг (үржил шимийг) нэмэгдүүлэх бичил биетэнд суурилсан технологи боловсруулах боломж бүрдэнэ.

 

 

 

Одоогоор тус төслийн хүрээнд Төв, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн нутгаас судалгаанд шаардлагатай хөрсний дээж цуглуулах, хөрсний физик хими, микробиологийн зарим туршилтыг газар дээр нь гүйцэтгэх, тухайн газрын ургамалжилтын бүлгэмдлийг тодорхойлох хээрийн судалгааг амжилттай дуусгаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top