“Монгол, Лаосын харилцааны 60 жил” эрдэм шинжилгээний симпозиум болов

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 13

Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс (БНАЛАУ)-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний симпозиум 2022 оны есдүгээр сарын 7-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд зохион байгуулагдлаа.   

Эрдэм шинжилгээний симпозиумыг нээж Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ “Хоёр улс найрамдалт харилцааны 60 жилийн хугацаанд хөдөө аж ахуй, нийгэм, хүмүүнлэг, боловсролын салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлж ирсэн. Тэр дундаа хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, харилцан туршлага солилцож ирсэн” гэдгийг онцлов.

Тэрбээр “Манай хоёр улс газар зүйн байршлын хувьд алслагдмал, тээвэр логистикийн хүндрэл бэрхшээл тулгардаг ч боломжит хэлбэрээр хамтран шийдэж ирсэн арвин туршлагатай. Энэ уламжлалаа өнөөгийн шинэ нөхцөлд нийцүүлэн өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал” хэмээн тэмдэглэв. “БНАЛАУ нь Монгол Улсын эртний анд нөхөр бөгөөд манай хоёр улс уламжлалт түүхэн харилцаатай. АСЕАН-ы гишүүн БНАЛАУ-ыг манай улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн бид үздэг. Манай хоёр улс найрсаг харилцаа хамтын ажиллагааны хүрээнд харилцан ашигтай ажиллах зарчмаар улам бүр өргөжин бэхжиж байгааг тэмдэглэхэд таатай байна” гэлээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонсаг Пантавон “Манай хоёр орны харилцаа түүхэн 60 жилийг тууллаа. Энэ урт хугацаанд БНАЛАУ, Монголын ард түмэн ахан дүүсийн найрсаг харилцаатай,  харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж байна.  Хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, худалдаа, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад таатай байна” гэлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Манай хоёр улс 1962 онд дипломат харилцаа тогтоосон цагаас эхлэн төрийн өндөр дээд хэмжээний айлчлалыг харилцан зохион байгуулж, найрсаг харилцаатай, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг гээд олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн түүхтэй. Тэр дундаа хоёр улсын хөдөө аж ахуйн салбар баялаг түүхтэй бөгөөд хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг идэвхтэй өрнүүлж байсан” гэдгийг онцлов.

Эрдэм шинжилгээний симпозиумаар Монголын эрдэмтэд судлаачид нийт 4 илтгэлээр судалгааны үр дүнгээ танилцуулж, хоёр орны харилцааны өргөн хүрээтэй асуудлыг түүх, өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн хандлагын олон өнцгөөс харж дүгнэн, эрдэм шинжилгээний үндэслэл, ач холбогдол бүхий чухал санаа дэвшүүлж хэлэлцүүллээ. 

Тухайлбал, “Монгол Улс, БНАЛАУ-ын харилцааны нэгэн жаран: Түүх ба орчин үе” сэдвээр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор, Б.Цэнгэллхам,  “БНМАУ-аас БНАЛАУ-д үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн түүх: Найрамдал эмнэлгийн жишээн дээр” сэдвээр ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Орчин үеийн Монголын түүх судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Мягмар, “Хоёр орны хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа, цаашдын хөгжил” сэдвээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун,  “Монгол-Лаосын боловсролын салбарын хамтын ажиллагаа ба ХААИС” сэдвээр ХААИС-ийн ректор, доктор О.Баатарцогт нар илтгэл хэлэлцүүлсэн болно. Монгол-Лаосын харилцаа улам бүр урагшлан хөгжиж, эдийн засаг, хөдөө аж ахуй, нийгэм, хүмүүнлэг, боловсролын салбарын хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарч байгаа энэхүү үед өнөөг хүртэлх хамтын ажиллагааг эргэцүүлэн бодож, алдаа оноо, амжилт ололтыг дүгнэн хэлэлцэхэд энэхүү эрдэм шинжилгээний симпозиумын гол ач холбогдол оршиж байна.

Эх сурвалж: ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top